ХХААХҮЯ-наас 2021 оныг малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх аян болгон зарлаж, мал бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлээд байна. Мал бүртгэлжлүүлэх ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн дараах мэдээллийг өглөө.
Аяны хүрээнд мал сүргийг үе шаттайгаар бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжид үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгчээ хавар, намрын технологит хугацаанд бүртгэлжүүлж байгаа гэлээ. Малын үржүүлэг технологийн ажил, үйлчилгээний технологит хугацаа хавар 3-р сарын 20-ноос 5-р сарын 25-ныг хүртэл, намар 9-р сарын 10-наас 11-р сарын 10-ныг хүртэл байдаг. Намрын технологит хугацаанд цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан мал сүргийг бүртгэлжүүлэх ажил ид өрнөж байна.
Тэр дундаа БНХАУ, ОХУ-тай хил залгаа аймаг, сумдын бод малыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Учир нь хил нэвтрэх, нэвтэрсэн тохиолдолд хилийн байгууллага малыг ялгаж, танихад бүртгэлжүүлэлт маш чухал байдаг. Малыг бүртгэхдээ ялган тэмдэглэх хэрэгсэл гэж нэрлэдэг 12 оронтой код бүхий ээмэг болон чипийг ашигладаг бөгөөд чипийг адуунд, ээмгийг үхэр, тэмээ, хонь, ямаанд хэрэглэж байна.
Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулснаар малчдад тодорхой боломжууд бий болох юм. Тухайлбал,
- Мал сүргийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх,
- Малаа алдсан тохиолдолд бүртгэлийн дугаараар мөрдөн мөшгөж олох боломжтой,
- Малаа бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулсан малчныг төрөөс олгож буй урамшуулалд хамруулдаг байх зарчимд шилжиж байгаа,
- Түүнчлэн малаа барьцаалж банкнаас зээл авах, даатгалд хамруулахад бүртгэлтэй эсэхийг харгалзан, хөнгөлөлт үзүүлэх боломж тус тус бүрдэж байна.
Нийт 1.0 сая толгой мал бүртгэлжүүлэхээр төлөвлөснөөс хаврын технологит хугацаанд 46.0 хувийг нь ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн байна. Одоо намрын технологит ажил эхлээд ид дундаа явж байгаад бөгөөд 11-р сарын 10 хүртэл үргэлжлэх юм. Мөн тухайн малын ээмэгний дугаараас гадна мал зүйн шаардлага хангасан фото зургийг нь мэдээллийн санд оруулах зорилготой ажиллаж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг давхар хөгжүүлж байгаа аж.