Боловсрол, шинжлэх ухааны яам болон “Facebook” компани хамтран Монгол Улсын 1000 багшид тоон бичиг үсгийн боловсролыг сургууль дээр нь олгох хамтын ажиллагааг эхлүүллээ.
Уг хамтын ажиллагаа нь “Facebooк” компанийн 2021 оны 04 дүгээр сараас Монголын интернэт хэрэглэгчдэд боловсрол олгох, өөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж чаддаг, эерэг, хариуцлагатай дижитал иргэдийг бэлтгэх “We Think Digital” боловсролын төслийн дараа эхэлсэн.
БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, “Facebook компани болон “Faro Foundation Mongolia ТББ”-д Монголчуудын боловсролд хувь нэмрээ оруулж байгаад гүнээ талархаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон сорил бэрхшээлтэй тулгарч, цар тахлын улмаас хүүхэд залууст боловсролын хоцрогдол үүсээд байгаа. Бид алдагдсан цаг хугацааг нөхөж, хүүхэд залуусынхаа боловсролд ихээхэн анхаарал хандуулахаар ажиллаж байна. Боловсролын яам Facebook компанитай хамтран Монголын хүүхэд залуусын ирээдүйн боловсролд хөрөнгө оруулж байгаад туйлын баяртай байна” гэв.
“Facebook” компанийн Ази номхон далай, Хонконг, Монголыг хариуцсан олон нийтийн бодлого зохицуулалтын газрын захирал Жорж Чен, “Facebook компани энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 1000 багшид тоон бичиг үсгийн сургалт явуулж, сүүлийн үеийн мэдлэг мэдээллээр хангахаар БШУЯ-тай хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Бид аль болох эртнээс энэ төрлийн боловсролыг олгох нь ирээдүйн интернэт орчныг илүү аюулгүй, эерэг болгоно гэдэгт итгэдэг” гээд сургалтад хамрагдах 1000 багш ирээдүйд шинээр гарах шинэ технологийг ашиглах чадварыг илүү олон хүнд түгээн дэлгэрүүлэх анхдагчид байх болно гэдгийг онцолсон юм.
Дижитал иргэншил, тоон бичиг үсгийн боловсрол зайлшгүй шаардагдаж буй цаг үед энэ хөтөлбөр нь цахим ертөнцөд хэрэглэгч өөрийн эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах, хувийн аюулгүй байдлыг хангах, хүлээн авч буй мэдээлэлдээ нухацтай хандах, зөв агуулгыг түгээх, хамгийн чухал нь бусадтай хэрхэн зөв харьцаж, эерэг орчныг бүтээх талаарх сэдвүүдийн талаар тусгасан байна.
Хөтөлбөр нь дижитал иргэншил, цахим аюулгүй байдал, бусдыг үзэн ядсан үг хэллэг ба бусдыг дээрэлхэх үйлдэл, хувийн нууцлалыг хамгаалах болон хуурамч мэдээллийн эсрэг зэрэг сэдвийг хамарсан, найман модуль бүхий хичээлтэй.
www.wethinkdigital.fb.com