“Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.
Сүүлийн жилүүдэд жар гаруй төрийн сургууль дээр үүнийг хэрэгжүүлэх гэж ажилласан хүний хувьд хэрхэн хийх арга зүй, технологи аргачлалыг нь сайн мэдэж байгаа. Одоо Монголын бүх сургууль менежментээ анхаардаг нөхцөлийг бүрдүүлнэ дээ. Хоёрт, багшлах хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа. Багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх шаардлага байна. Багшийн цалин, нийгмийн халамж, эдийн засгийн хөшүүргийг нь сайн боловсруулж, шилдэг залуусыг багш мэргэжлээр суралцуулах хэрэгцээ байна. Үүнийг би “Шилдэг төгсөгч төрөлх сургуульдаа ирж багшлах” гэж томьёолоод байгаа. Хөдөө орон нутагт сайн сургуулиуд цөөнгүй бий. Тэдгээр сургуульд нийтлэг нэг зүйл байгаа нь төгсөгчид нь ирж багшилж сургуулиуд сайн байгаа нь ажиглагдсан. Төгсөгч нь төрөлх сургуульдаа ирж багшлахаар сургуулиа сайн мэддэг, багш нар нь ч төгсөгчөө сайн мэддэг тул хурдан дасдаг, бас бахархал болдог, үүнийг харсан номын дүү нар нь үлгэр авдаг. Тэгэхээр багш нар нь шилдэг төгсөгчөө эргэн ирж сургуульдаа багшлахыг ятгах, нөгөө талаас багш болох хүүхдүүдэд төрөөс бодит дэмжлэг үзүүлэх ёстой юм. Үүнийг хэрхэн хийх вэ хэмээн толгойгоо гашилгаж байна даа. Гарц гаргалгаа ч эхнээсээ гарч байна.
-Хөдөө орон нутагт багш ховор байхад таны наад санаа анхаарал татаж байна л даа. Яг ямар дэмжлэг хөшүүрэг байна гэж?
-Боловсролын ерөнхий хуулиар багш мэргэжлээр суралцах, заасан босго оноо давсан хүүхдийн төлбөрийг 100 хувь хөнгөлөх боломж бүрдэж байгаа. Нэмээд суралцах хугацаанд нь дотуур байрны төлбөр, амьжиргааны зардалд нь дэмжлэг үзүүлэх боломжийг бас нээж өгөх хэрэгтэй.Өнөөдөр орон нутаг, нутгийн зөвлөл, төгсөгчдийн холбоо гээд үүнд хамтрах олон нөөц байна. Тэд жилд ганц хүүхдийн 5 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байх бүрэн боломжтой.
Тухайн сургуульд шилдэг хүүхэд багш болоход дэмжээч гэхэд захаас аваад хувь хүн, компани гарч ирнэ. Тэгэхдээ их сургуулиа төгсөөд, заавал төрөлх сургуульдаа ирж ажиллах үүргийг хүлээнэ гэсэн гэрээ хийх ёстой. Үүнээс гадна төр бас чухал үүрэг хүлээх учиртай. ЭЕШ-ын өндөр оноотой (700-гаас дээш ч юм уу) төгсөгч, багш мэргэжлээр суралцаад, сум, орон нутаг сургуульдаа(хотын сургуулиуд ч хамаарна) дор хаяж 5 жил ажиллавал гадаад улсад багш мэргэжлээр нь магистрт суралцах боломжийг нээж өгнө гэж амлаж, гэрээ хийвэл цөөнгүй хүүхэд багш мэргэжлийг сонгоно гэж харж байгаа. Өнөөдөр бүхий л залуус гадаадад суралцах хүсэлтэй болжээ. Нэг ёсны гадаад явахгүй бол дутуугийн комплекстэй болоод байна. Тэгвэл багш болоод төрөлх сургуульдаа багшилбал ийм боломж нээгдэнэ гэхээр багш мэргэжлээр суралцах шилдэг залуусын тоо нэмэгдэх учиртай. Таван жил багшлах явцад нь ажлын байран дээр нь хөгжүүлж, ялангуяа гадаад хэлийг нь сайжруулах бүрэн боломжтой. Таван жилийн дараа манайтай ойр, Азийн улс оронд төлбөр хямд, найдвартай сурах боломжийг нээгээд өгвөл гадаадад сурах гээд багшаас өөр мэргэжил сонгож байгаа залууст шинэ сонголт гарч ирнэ.
-Та багш нар зөвхөн хичээл заахаас гадна хүн болоход хүүхдүүдээ чиглүүлэх багш байна гэдгийг онцолдог. Тэр агуулга таны хийх 10 ажилд багтсан уу?
-Миний байнга хэлдэг “Хүний багш байх” гэдгийг хэлж байх шиг байна. Тэр маань оролгүй яахав. Манайд багш нар зөвхөн нэг судлагдахууны багш болоод байгаа юм. Физикийн багш зөвхөн физикээ заадаг. Багш та бол зөвхөн нэг судлагдахууны багш биш хүний багш байх ёстой шүү гэж би дандаа хэлдэг. Хүүхдээ таньж мэддэг, хөгжүүлдэг, харилцааны соёлтой, сэтгэл зүйч, үлгэрлэгч, багш өөрөө мөрөөдөлтэй, багаар ажилладаг байж хүний багш болдог. Тийм багш шавь нараа бие даах чадвартай болгохоос эхлээд ёс зүйтэй зөв хүн болж төлөвшихөд нь нөлөөлж чаддаг. Багш нар ажлын байран дээрээ нэгнээсээ суралцаж, ментор ментий харилцаанд орж, хүнээр хүн хийх арга ухаанд суралцах шаардлага үнэхээр байна уу гэвэл байна. Ийм шалгуурыг багш нарт тавьж, хэрэгжүүлэхийг зорино.
Дараагийн буюу дөрөвдүгээрт, сургуулиудын захирлын удирдах ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Олон улсад сургуулийн захирлыг тусгай мэргэжилтэн гэж үздэг. Тусгай сургалтаар ур чадвартай болгож бэлддэг, захирал болсных нь дараа ч тасралтгүй сургадаг. Сургуулийн захирал хэрхэн манлайлал үзүүлэх, багш нараа нэг зүгт харуулахын тулд яах ёстойгоос эхлээд эцэг эхийн хурлыг хэрхэн хийх, ахлах ангийнханд ямар сэдвээр юу ярих гээд жижиг гэлгүй бүх зүйлд суралцах шаардлагатай. Манайд захирлыг ямар шалгуураар тавиад байдгийг хүмүүс гадарлах байх. Сайн багш байсан хүн, эсвэл сонгуульд сайн ажилласан хүн гэх мэтээр ямар ч бэлтгэлгүй томилдог, болсон хойноо тэд өөрийн мэдрэмжээр ажилладаг. Ийм байж болохгүй. Захирал, менежер, нийгмийн ажилтанг ажлын байран дээр нь хөгжүүлэхийг төр бодлогоор зайлшгүй хийх ёстой. Үүнийг боловсролын салбарынхантайгаа хамтдаа нэн тэргүүнд хийнэ дээ.
Миний дараагийн бодож байгаа зүйл бол, сургуулийн барилга хамгийн аюулгүй, хамгийн сайн барилга байх юм. Тендер авсан барилгын компаниудын төсөв, зургийг сайн хянаж, дур дураараа барихыг хязгаарлана. Спорт заал нь ямар байх, гэрэлтүүлэг нь ямар байх, хүүхдүүд явах коридорын өргөн ямар байх гээд бүгд стандарттай байдаг. Хамгийн сайныг төсөр зардлаар хийх боломж байдаг. Би өөрийн сургуулиудаа барихад гар бие оролцож, төслөө удирдаж, Монголд шинэ стандарт тогтоосон хүний хувьд ханцуй шамлан орно.Энэ тал дээр стандарт гаргаж, журамлаж өгөх хууль зүйн орчин бүрдүүлнэ.
-Манайд хүн бүр дээд мэргэжилтэй болно гэсээр байгаад лангуун дээр суудаг дипломтой хүмүүс, үйлчлэгч их болсон талаар шүүмжилдэг. Үүнд ямар шийдэл та хэлэх вэ?
-Үнэхээр нэг хэсэг бүгд Их дээд сургууль төгсөнө гэсээр мужаан, гагнуурчин, хэвлэгч, үйлчлэгч гэх мэт мэргэжлийн боловсон хүчин байхгүй болсон. Гэтэл зарим улс орны жишээг харж байхад хэдэн хувь нь дээд боловсрол эзэмших, хэдэн хувь нь мэргэшилтэй ажилчин байх бодлогоо гаргачихаад, түүндээ тохирсон боловсролын тогтолцоогоо гаргасан байдаг. Манайд ийм бодлого алга. Японд гэхэд 45 хувь нь Их дээд сургуульд элсэж дээд боловсрол эзэмшиж байхад үлдэх 55 хувь нь мэргэшлийн боловсон хүчин байна гэсэн тооцоолол байдаг. Тэгэхдээ үндэстнээрээ боловсрол өндөр байхын тулд суурь боловсрол буюу бага, дунд ангийн хөтөлбөрийг хоцрогдолгүй өгөх шаардлагатай. Ажиллах хүчний баланс барихын тулд ахлах сургуулийг төрөлжүүлдэг. Манайд үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Хэд хэдэн аймгууд нийлээд дундаа мэргэжлийн ахлах сургуультай болж болох юм. Хөдөө аж ахуйн, техникийн, асрахуйн, худалдааны гээд мэргэжлийн ахлах сургууль байгуулах хууль эрх зүйн үндсийг бий болгоно. Ялангуяа бид одоо бүсчилсэн хөгжил ярьж буй үед боломж их байна.
Дунд ангид сурч байх үеэс нь багш нар нь чиглүүлж өгөөд ямар мэргэжлээр явбал сайн, чи юуг илүү чадах вэ гэдгийг нь хэлээд өгчихдөг байх.Бид хүүхдүүдэд сонголт олгож, хүүхэд есдүгээр ангиасаа ЭЕШ-д бэлдээд цаг алдаж байснаас цаашид явах мэргэжлээр нь дөр суулгах бодлого гаргах ёстой юм. Энэ бол миний хийх ажлын 8 дахь санаа маань. Японы Коосэн бол яг ийм онцлогтой. Дунд анги төгссөн 15 настай хүүхдэд инженерийн сэтгэхүй суулгаж, 5 жил сургаад, 20 настай инженер бэлддэг технологийн коллежийн тогтолцоо юм. “Экспортлох Газрын баялаггүй манай орны хувьд дэлхийд экспортлох зүйл бол манай Коосэн брэнд боловсрол” гэж Японы ерөнхий сайд уриалга хэлж, Монголд 10 жилийн өмнө анхны гурван Коосэн байгуулагдсан түүхтэй. Япончууд монгол загвараар Малайз, Вьетнамд Коосенүүд байгуулж байгаа.Цаашид Монголын технологийн боловсрол Коосэн загвараар хөгжинө гэж өмнөх засгийн газар бодлого гаргаж тодорхойлсныг миний бие гардах үргэлжлүүлэх хамгийн тохиромжтой хүн гэж өөрийгөө харж байгаа. Анхны гурван Коосены нэгийг үүсгэн байгуулсан,JICA зэрэг япон талтай сайн холбоотой. Иймд өнгөрсөн жил шинээр Дархан, Эрдэнэт, Даланзадгадад байгуулагдсан техникийн коллежуудыг улам бэхжүүлж, бүс болгон дундын коллежтой болох Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.
-Багш хангалтгүй байна гэдэг ч үүнийг нэмэх дээр юу ч хийхгүй явж ирсэн. Таны төлөвлөгөө энэ бүгдийг өөрчлөх нь гэж харж байна…
-Энэ есдүгээр сарын 1 гэхэд 4000 багш дутна гэсэн тооцоо гарсан байсан. Дутна гэдгээ мэдэж байгаа бол гүйцээхийн төлөө ямар нэг алхам хийгээд л явах ёстой шүү дээ. Үнэхээр хариуцлагагүй байна. Багшийг зөвхөн МУБИС-д бэлдэнэ гэхээсээ өөр бусад Их дээд сургуульд зөвшөөрөл өгөх ёстой. Гагцхүү стандарт, шалгуураа л сайн гаргаад өгчих хэрэгтэй байгаа юм.
Ямар мэргэжлээр хэдэн багш дутагдалтай байгаагаа тооцоолж, тэр хяналтын тоондоо хүргэхийн төлөө чармайх хэрэгтэй. Англи хэл тавдугаар ангиас ордог байснаа гуравдугаар ангиас орохоор боллоо гэхэд маш олон багшийн хэрэгцээ мэдээж үүсэх нь ойлгомжтой. Үүнийг урьдчилан харж бэлдэх ёстой. Багш нараа хөгжүүлэх бодлого, тэдэнд зориулсан нийгмийн халамж, урамшууллаа харамгүй өгч, багшийн цалин хамгийн өндөр байх тогтолцоог бий болгох хэрэгтэй. Тэгвэл одоо байгаа багш нар ч тогтвортой ажиллах болно.Үүний төлөө бүх боломжийг хайх болно.
Миний хийхээр төлөвлөж буй зүйлийн есдүгээрт зүрх сэтгэлийн боловсролын асуудал орж байгаа. Хүүхдийг сэтгэл зүгшил сайтай, зөв хандлага, төлөвшилтэй, гал эрмэлзэлтэй, амьдрах ухаантай зөв хүн болгоход шаардлагатай хөтөлбөрийг тэдний нас бие, физиологид нь тохируулж системтэй хэрэгжүүлэх шаардлагатай.Төслийн 68 сургууль бүр дээр зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарим сургуулиуд дээр гайхалтай үр дүнгүүд гарсан.
-Тодорхой жишээ байвал?
-Тухайлбал, сэтгэл зүгшил сайтай гэдгийн дотор “эзэн сэтгэлгээ” гэсэн ойлголт бий. Сургууль дээр долоо хоног бүр ангиуд “хөөсний баяр”гэсэн нэг өдөртэй болоход хүүхэд өөрөө сургуулиа угааж цэвэрлэхэд оролцдог болох жишээтэй.Ингэснээр эзэн сэтгэлгээ сууна. Төслийн сургуулиуд хүүхдүүдээ өглөөд тосон авч мэндлэх дадал хэвшүүлдэг юм. Энэ хэвшил маш олон давуу талыг авчирдаг. Мөн 7:50 цаг гэхэд хүүхэд бүр ангидаа орсон байх журам гаргаад, 7:50-8:00 цагийг ангийн багшийн цаг болгоход л хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлдэг.Тухайлбал, цаг барих арга ухаанд хүүхэдтэйгээ зэрэгцээд багш нар ч суралцаад явдаг. Малчин айлын хүүхдүүдэд ээж, аавынх нь хөдөлмөрийг ойлгуулж, монгол уламжлалаа түгээх сүү цагаан идээ боловсруулах ажлыг бас хийлгэх жишээтэй. Энэ мэтчилэн зүрх сэтгэлийн хөтөлбөрийн аргачлалыг өгөхөд л багш хамт олноос маш олон санал санаачилга, амьдрах ухааны хөтөлбөрүүд өөрсдөө гаргадаг.
Дараагийн миний бодож санаж байгаа зүйл бол яалт ч үгүй сургуулийн орчны стандартын асуудал. Жишээ нь, багш нарын өрөөний стандартыг авч үзье. 100 багшийн дунд амрах өрөөг багш нарын өрөө гэж ойлгоод байгаа. Ийм нөхцөлд зарим багш нар хичээлээ заачихаад, цүнхээ сугавчлаад гараад явчихдаг тал бий. Багш бүр өөрийн гэсэн сандал ширээ, хувийн орон зайтай байж тэндээ сууж ажиллаж, өөрөө хөгжиж, хүүхдүүдээ хөгжүүлэх ажилдаа бэлдэх ёстой. Тийм орчин байхгүй байхад хичээлээ заачихаад гараад явах нь аргагүй. Бид төслийн сургууль бүрээ хамгийн түрүүнд багш тус бүрээ сандал ширээтэй болгож, сууж ажиллах боломжийг нь хангахыг зөвлөдөг. Эхэндээ тийм боломж муу гэдэг ч ямар нэг аргаар өрөө гаргаж, ширээ тавьж эхлэхэд багш нар үр бүтээлтэй ажилладаг болдог.
-Хүүхдийн тоо дандаа асуудал дагуулдаг. Таныхаар хэд байх ёстой вэ?
-Хүүхдийн тоо стандартын гол үзүүлэлт. Нэг ангид байх хүүхдийн тоог хуульчлах ёстой. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй сургуулиуд байна. Энэ бол байж болохгүй зүйл. Ахлах ангид 40 хүртэл, бага, дунд ангид 30-35-аар тогтоох нь зөв. Саяхан Японы Боловсролын сайдаар ажиллаж байсан хүнтэй уулзаад ярьж байхад Сангийн яамтайгаа тулж байж,40-ийг 35 хүртэл бууруулж чадсанаа бахдан ярьж байсан.Манай сайд үүнийг хийх ёстой. Би тултал нь дэмжинэ.Мэдээж төсөв мөнгөний асуудал яригдах ч хүүхдээ, багшаа нэгдүгээрт бодох нь чухал.Хөрөнгийн эх үүсвэр олох дээр тууштай ажиллана. 50-60 хүүхэдтэй ажиллах нь хүнд хөдөлмөр учир багш нар зугтаад байгаа шүү дээ. Багшийн ажлын байрны тодорхойлолтыг гаргаж олон ажлыг халах хэрэгтэй гэж боддог. Үүнийг цэгцэлбэл багш болох хүмүүс нэмэгдэх учиртай.
Түүнээс гадна сургуулийн нийт хүүхдийн тоо чухал. Ер нь нэг захирлын хүрч ажиллаж чадах хязгаар бол хамгийн ихдээ 2000 сурагч, 150 багш шүү. Гэтэл манайд 5000-6000 хүүхэдтэй сургууль байна. Ийм сургууль хөл толгойгоо олохоо байж, сургалт чанаргүй болдог. Иймд бас энэ тоог судлаачдын баг ажиллуулж тогтоох болно.
-Төрөлх сургуульдаа ирж багшлаад гадаадад сурах боломжийг ярьж байна. Төрийн сангийн зээлээр суралцана гээд эрх мэдэл, мэдээлэлд ойр хүмүүс төрийн мөнгийг цөлмөснийг мэдэх учраас хүмүүс үүн дээр жаахан болгоомжилж магад юм?
-Журам нь тодорхой, хяналт нь тодорхой байхад бүх зүйл болдог. Манай “Шинэ Монгол” сургуулийн ивээн тэтгэгчид 580 орчим төгсөгчид, нийт 11 сая орчим ам.долларын тэтгэлэг олгосон байдаг. Тэтгэлэг авах хүүхэд ямар шаардлага хангах, юу хийх нь тодорхой байдаг. Тэднийг явахаас нь өмнө мөрөөдөл зорилгыг нь бичүүлж авдаг. Ингэж явсан хүүхэд хийх ёстой зүйлээ хийгээд л буцаад ирдэг. Ийм байдлаар боловсролд оруулах хөрөнгө оруулалт үр дүнтэй болдог. Ивээн тэтгэгчид маань сэтгэл хангалуун байдаг.
Түүнээс гадна хөдөө орон нутгийн хүүхдүүд УБ хотод ирж Их дээд сургуульд сурах үед тэтгэлэг олгодог Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн санг 2015 онд үүсгэн байгуулж тэтгэлэг олгож ирсэн туршлага бий. Орон нутгийн оюутан сургалтын төлбөр болоод амьжиргааны зардал дээрээ асуудалтай бол энэ сангаас тэтгэлэг авах боломжтой юм. Жилийн 1500 ам.долларын тэтгэлэгийг буцаан төлөх нөхцөлтэй олгодог. Хоёр жил, дөрвөн жилийн хугацаанд авдаг ба ажлын байран дээр гараад хоёр жилийн дараагаас жил болгон авсан тэтгэлгээ буцааж төлдөг зарчимтай. Одоогийн байдлаар 21 аймаг, 9 дүүргийн 316 хүүхдэд энэ тэтгэлгийг олгосон ба эргэн төлөлт 69 хувьтай байна. Энэ хугацаанд буцаалтаа хийгээгүй гээд шүүх цагдаагаар явж, асуудал болсон нэг ч хүүхэд гараагүй. Тэдэнд анх тэтгэлэг олгохдоо түүнд итгэж байгаагаа хэлдэг, бас түүний буцааж төлөх мөнгө дараагийн дүү нарын тэтгэлэг болно гэдгийг ойлгуулдаг учраас тэд маш бахархалтайгаар буцаан төлөлтөө хийдэг. Тэтгэлгээ буцаан төлсөн залууст өөрийн гараар дараагийн тэтгэлгийн эзэн дүүдээ гардуулж өгөх эрх өгдөг. Тухайн цаг үед өөрт нь хэрэг болсон боломжийг дараагийн дүүдээ үзүүлсэндээ залуус өөрөөрөө бахархдаг.
-Таны харж байгаа энэ бүхэн манай боловсролын салбар хүмүүсийн хүлээж байгаа суурь өөрчлөлт болж чадах болов уу?
-Би хувьдаа чадна гэдэгт итгэлтэй байна. Би энэ бүх өөрчлөлтийн суурийг хийе гэсэн итгэл үнэмшилтэйгээр улс төрд орж ирсэн. Түүнээс надад дараагийн дөрвөн жил энэ тэр гээд бодоод байх юм алга. Мэдээж, шууд гурав дөрвөн жилийн дотор энэ гээд харуулах үр дүн нь гарахгүй байж болох ч арван жилийн дараагаас энэ бүх өөрчлөлтийн үр дүн гарах болно.
-Та парламентад байгаа Японы эзэн хааны “Мандах наран одон”-той ганц хүн. Тиймээс парламентын бүлэгт гойд нөлөөтэй ажиллаж, хоёр орны харилцаанд улам бүр хувь нэмрээ оруулаасай гэж бодож байна…
-Аливаа улс орнуудын харилцаа хувь хүмүүсийн үүрэг роль, нэр хүндийн нөлөөгөөр улам илүү хөгжих тохиолдол байдаг. Шинэ парламентад япон хэлтэй, Японд сурсан нэлээд олон гишүүн байгаа сурагтай. Миний хувьд хоёр орны харилцааг парламентын түвшинд хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно, тийм ч амбицтай байгаа. Өнөөдрийн миний амьдралын түүх, амжилт, бүтээн байгуулалт бас Японтой салшгүй холбоотой юм.
-Нээлттэй ярилцсан танд баярлалаа. Манай уншигчдад хандаж хэлэх үгийг тань сонсъё.
-Боловсрол улс орны үндэс. Манай улсад нийгэм эдийн засгийн маш олон хүндрэлтэй асуудал байгаагийн дотор ядуурал хамгийн эмзэг байна. Ядуурлаас гарах цорын ганц бодит гарц бол нийтийн боловсролыг чанаржуулах явдал юм. Үүний төлөө зөв бодлогыг бид гаргах учиртай. Би үүнийг л гол зорилгоо болгож байна. Олон гишүүд боловсролыг нэгдүгээрт ярьж байгаа нь сайшаалтай санагдаж байгаа. Ярихдаа биш, хийхдээ зарчмыг баримталж ажиллана.
Эх сурвалж: Өдрийн сонин