УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газрыг огцруулах санал гаргаж, УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж эхэлжээ. Одоогийн засгийн газар ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх ажлыг хийж чадахгүй байна гэж үзэж байгаа юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Сүүлийн 24 цагт 1500 хүн халдвар авч, 12 хүн нас барж, нийтдээ 620 гаруй хүн нас барж, 130 мянга гаруй хүн халдвар авчээ. Монгол Улсад хүний амь нас үнэхээр үнэ цэнэгүй болчихжээ. Юмны үнэ тэнгэрт хандсанаар иргэд "Тэнгэр хол, газар хатуу" нөхцөлд амьдарч байна. МАН цар тахлын хуулийг хүч түрэн баталлаа. Энэ зүйлтэй АН-ын бүлэг санал нийлэхгүй. Засгийн газар цаг үетэйгээ нийцсэн шийдвэр гаргаж чадахгүй байна. Тухайлбал, Үндсэн хуульд заасан иргэний эрүүл мэнд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалтыг зөрчлөө. Нэг өдрийн өмнө 35 настай иргэн эмнэлгийн гадаа очоод, тусламж авч чадалгүй нас барлаа. Хэрээс хэтэрлээ. Өмнөх Засгийн газар нялх биетэй эмэгтэйг гадаа хүйтэнд табчиктай зөөсөн нэрээр хариуцлага яриад огцорч байсан. Гэтэл 35 настай иргэнд цаг алдалгүй тусламж үзүүлэхгүй байсаар нас барууллаа.
Дараа нь иргэдийг буруутгадаг байж болохгүй. Өөрөө архичин байсан мэтээр ярьж болохгүй. АН-ын бүлгийн гишүүд ярилцаад, энэ засгийн газарт хариуцлага тооцохоор гарын үсэг цуглуулж эхэллээ. Энэ долоо хоногт хаврын чуулган тарах гэж байна. Гэтэл ард түмний амьдрал ямар хэцүү байна. Эргэж буцсан шийдвэрээс болж хэн ч хариуцлага үүрсэнгүй.
Хариуцлага тооцохдоо 30 хоногийн дараа тооцно гэж байна. Ийм байж болохгүй. Хэрвээ бид эвлэрээд явбал хариуцлагагүй байдлыг дэмжсэн гэмт хэрэг шахуу үйлдэл болно. Ард түмэн сүүлийн зуун жилд олноороо үрэгдсэн тохиолдол байхгүй.