Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тун буюу 3 дахь тунгаар вакцинжуулах Эрүүл мэндийн сайдын 2021 оны 08 сарын 12-ны өдрийн тушаал гарсан. Тэгвэл ямар вакцинаар хэрхэн вакцинжуулах талаар мэдээлэл хүргэж байна. Уг тушаалд,
- Ковидын эсрэг хариу арга хэмжээний багт ажилладаг эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдыг сайн дурын үндсэн дээр дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор АстраЗенека үйлдвэрийн "AZD1222" вакцины нэмэлт нэг тунгаар вакцинжуулах ажлыг 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулах,
- Дархлаажуулалтын цахим бүртгэлийн програмд нэмэлт тунгийн болон эмчийн дүгнэлтээр вакцинжуулалтад хамрагдах боломжгүй иргэдийн мэдээллийг нэмж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгожээ.
Нэмэлт тунгийн вакцинжуулалтын талаар судалгаа мэдээллийг өчигдөр УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ Монгол улсад коронавирусийн хувилбарууд, мутацийн тандалтыг хийхэд "Делта" хувилбарын тархалт:
- Баян-Өлгий аймагт 80 хувьтай буюу нийт 211 "Делта" хувилбарын тохиолдол,
- Ховд аймагт 55 хувь буюу 228 "Делта" хувилбарын тохиолдол,
- Говьсүмбэр аймагт 43 хувь,
- Өвөрхангай аймагт 10 хувь,
- Завхан аймагт 70 хувь,
- Хэнтий аймагт 35 хувьтай тархсан байна. Өөрөөр хэлбэл баяр наадам хийж, морь уралдуулсан, гаднаас жуулдчид ихээр ирсэн аймгуудад мутаци вирусийн тархалт их бүртгэгдсэн.
Мөн НЭМҮТ-д өнгөрсөн 7 хоногт хийгдсэн судалгаагаар БГД, СБД-ээс илэрсэн 100 эерэг сорьцод "Делта" хувилбар 30, "Гамма" хувилбар 2, "Альфа" хувилбар 57 илэрсэн. Үүнээс харахад "Делта" хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд тооцооллоор өвчлөлийн тохиолдол 09 дүгээр сарын дунд үед эрс нэмэгдэх эрсдэлтэй байна. Тиймээс УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг болон бусад салбарын эрдэмтдийн санал дүгнэлтэд үндэслэн вакцины 3 дахь тун хийх шийдвэр гаргасан гэлээ.
Коронавирусийн "Делта" хувилбар нь:
- Хамрах хүрээ нь том буюу богино хугацаанд илүү олон хүнийг халдварлуулах,
- Өвчлөлийн үргэлжлэх хугацаа өндөр, дундаж хугацаа нь 18 хоног,
- "Альфа" хувилбартай харьцуулахад "Делта" хувилбар халдвар авах эрсдэл нь 1,46 дахин нэмэгдсэн.
Нэмэлт тун хийхтэй холбоотой дэлхийн бусад улс оронд хийгдсэн судалгаанууд:
- Их Британийн University collage-д хийгдсэн судалгаагаар "Астразенека" вакцины эсрэг биеийн түвшин нь 6 дахь долоо хоногоос эхэлж буурч байгааг тогтоосон байна.
- Оксфордын их сургуулийн эрдэмтэд "Астразенека" вакцины 1, 2 тун хийлгэсний дараа халдвар авсан хүмүүст 3 дахь тун хийхэд дархлалын түвшин ямар байгаа дээр судалгаа хийжээ. Ингэхэд 2 дахь тун хийлгэснээс хойш 2 сарын дараагаас эсрэг биеийн түвшин буурч байж. Түүнээс хойш дахин 3 дахь тунг хийхэд эсрэг биеийн түвшин өмнөх түвшнээс 2-3 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл дархлаа сайн тогтжээ.
- "АстраЗенека" вакцины хожуу 2 дахь болон 3 дахь тунгийн дараах эсрэг биеийн хариу урвал нь "Альфа", "Бетта", "Делта" гурван хувилбарын дараа эсрэг биеийн саармагжуулах идэвх өндөр гэсэн судалгааны үр дүн гарсан нь манай улсад уг вакцины нэмэлт тун хийх олон улсын судалгааны үндэслэл болсон байна. Монгол улсад мөн 3 дахь тунгийн судалгааг ХӨСҮТ-д эхлүүлсэн байна.