УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны нөөцийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Шатахууны нөөц сэргэж эхэлж байна. Өнөөдөр гэхэд 17 вагон буюу 1,034 тонн шатахуун ОХУ-аас орж ирсэн. Мөн хилээр хараахан орж ирээгүй 12 вагон шатахуун замд явж байна. БНХАУ-ын Эрээн боомтод үдээс өмнө 11:25 цагт 50 вагон шатахуун ирсэн нь хилээр нэвтэрч орж ирэх гэж байна. Нөөцийн хэмжээ цаашид өсөөд явна.
Олон улсын зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа учир манайд ч мөн үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл байдал бий болоод байна. Үнийн асуудлаар удахгүй шатахуун импортлогчидтой уулзалт хийнэ. Үнэ зах зээлийн зарчмаар өссөн шиг, зах зээлийн зарчмаар буурч байгаа эсэхэд төр маш нарийн хяналт тавих хэрэгтэй” гэдгийг хэллээ.