Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа ирэх 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх юм. Ажлын бэлтгэл байдал болон хэрхэн хамруулах талаар мэдээлэл хүргэхээр НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.
Улсын эмнэлгүүд байнгын ачаалалтай ажилладаг. Гэтэл 05 сарын 01-ээс бүх иргэдээ үзлэг оношилгоонд хамруулах гэж байна. Эмнэлгүүд ачааллаа дийлэх үү? Энэ тал дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ?
Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар эхлүүлэхтэй холбогдуулан үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч багш бэлтгэх хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллүүд хамтран зохион байгуулсан.
Улсын хэмжээнд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хуваарийн дагуу “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо” сэдэвт богино хугацааны сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулна. Сургалтад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдах юм.
Энэ удаагийн эрт илрүүлгийн ач холбогдол юу вэ?
Үндэсний хэмжээнд буюу 3.3 сая иргэнээ бүгдийг нь хамруулахаар төлөвлөж байна. Иргэдэд эрсдэл, өөрчлөлт байна уу, хэвийн байна уу, өөрчлөлттэй бол дараагийн шатанд шилжүүлэх, өөрчлөлтгүй бол тэр хүнийг эрүүл хэвээр нь авч үлдэх зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэл барин ажиллаж байгаа. Өмнө нь өөрчлөлт илэрсэн ч эргэх холбоо зохицуулалт доголдолтой байсан. Үүнийгээ засаж сайжруулаад ажиллах гэж байна.
Улсын хэмжээнд 13 нийгмийн эрүүл мэндийг дэмжих төвөөр харьцангуй эрүүл хүмүүсээ үзлэгт хамруулахаар зорьж байна.
Нэгэнт өвчнөө илрүүлчихсэн хүмүүс бол илрүүлэх шинжилгээнд орохгүй. Тухайлбал, ходоодны хавдартай бол ходоодны хавдрын шинжилгээнд орохгүй гэсэн үг. Ямар нэгэн давхцуулалтгүйгээр хийх юм.
Ерөнхийдөө зорилтот бүлэгт тохирсон, нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан эрт илрүүлэг хийнэ. Ингэхдээ, насанд хүрэгчид 19 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: эрүүл мэнд, бие бялдрын үнэлгээ, артерын даралт хэмжих”, лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, глюкоз, ПАП сорил”, гепатит B,C, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаанхоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийнэ.
Харин 18 хүртэлх насны хүүхэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, халдварт бус өвчин болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: амны хөндий, нүдний үзлэг, сүрьеэгийн үзлэг хийнэ.
Иргэд хаана очиж хэрхэн үзлэгт хамрагдах вэ?
Өрх сумын эрүүл мэндийн төв нь иргэдээ дуудаж, нэг ёсондоо эрт илрүүлэгт хамрагдах урилга өгөх юм. Жишээлбэл, 80 мянган хүн амтай аймаг гэхэд иргэдээ өвчтэй болон харьцангуй эрүүл хүмүүс гэж ялгаж, тоогоо гаргаж хамруулах юм.
Ирэх дөрөв дүгээр сард сургалтанд хамрагдах эмч мэргэжилтнүүдийн тоог гаргана. Эмч, сувилагчид юу юу хийх талаар эрсдэлийн үнэлгээ хийнэ. Түүнчлэн сургууль цэцэрлэг амрахтай зэрэгцэн 7,8 сард нийгмийн ажилтан, сургуулийн эмч нараас асуумж авах зэргээр анхан шатны тусламж үйлчилгээг чадавхжуулах зэргээр ажлууд үргэлжлээд явна.
Орон нутгийн иргэд орон нутагтаа шинжилгээнд хамрагдах уу? Түр оршин суугчид хаана үзүүлэх вэ?
Орон нутгийн харьяат Улаанбаатарт байгаа иргэд эндээ үзлэгт орж болно.
Ходоодны дуран гэхэд өртөг өндөртэй, цаг хугацаа шаардсан шинжилгээ байдаг. Тухайлбал ходоодны дуранд орох шаардлагатай хэчнээн хүн байгаа бол?
Өртөг өндөртэй шинжилгээнд сүрьеэ, зүрхний цахилгаан бичлэг, дурангийн шинжилгээ, хэвлийн эхо орж байгаа.
Багануур дүүрэгт бид ажилласан. Нийт 50 мянган иргэний 10 мянган нь ходоодны дуранд орох шаардлагатай гэж гарсан байгаа. Аймаг, дүүрэг бүр энэ мэтчилэн иргэдийнхээ тоог тодорхой гаргах ёстой.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг дуран байвал дурантай өөр хувийн эмнэлэгтэй гэрээ хийж, ачаалал багасгах байдлаар арга хэмжээ авах юм.
Эрт илрүүлгийн ажилд зөвхөн улсын эмнэлэг гэж заагаагүй. Хэн хүчин чадалтай, даатгалын багцаар иргэнээ авах боломжтой байна тэд бүгд гэрээ хийж ажиллах юм. Энэ асуудлыг ЭМДЕГ хариуцаж байгаа.
Аян хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
Эрт илрүүлгийн аян 2024 он хүртэл үргэлжлэхээр засгийн газраас төлөвлөөд байгаа. Эхний байдлаар 05 сарын 01 – 12 сарын 30 хүртэл хэчнээн хүнийг хамруулж чадах судалгааг аймгууд бүрэн гүйцэд гаргаж ЭМЯ-руу мэдээллээ явуулах юм.
Өмнө нь эрт илрүүлгийн багц шинжилгээнүүд байсан. Тэгэхэд иргэд тийм ч идэвхтэй хамрагдаагүй гэх. Ямар шалтгаантай байсан бэ? Одоо эхлэх аян юугаараа ялгаатай вэ?
Өмнө нь эрт илрүүлгийн үйл ажиллагаа явагдаж байсан ч хүмүүс тэр бүр үзлэг шинжилгээнд хамрагдаж чадаагүй байдлыг судалж үзсэн. Тэгэхэд ажил хийдэг хүмүүст ажлын газраасаа чөлөө авч чадаагүй гэсэн шалтгаанаар үзлэгт ороогүй байдал ажиглагдсан.
2018 оноос хойш эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг судлаад үзэхэд ихэнх нь настай хүмүүс болон эмэгтэйчүүд байсан бөгөөд 35-аас дээш насны хөдөлмөрийн насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
Тиймээс одоогийн эрт илрүүлэх аянд ажлын газар нь ажилтандаа цалинтай чөлөө өгч тухайн өдөртөө бүх үзлэг шинжилгээнд орох боломжийг хоёр талаасаа хангасан.
Сэтгэцийн эрүүл мэндийн оношилгоог тодруулж асуумаар байна? Ямар байдлаар үзлэг хийх вэ?
Халдварт бус өвчний эрсдэлийн үнэлгээ дотор сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээ бий. Энэ үнэлгээг бүх насанд хийхгүй. 21, 45, 60 нас гэсэн гурван насны бүлгээр хамруулна.
Хүүхдэд 6, 14 гэсэн насанд СЭМҮТ-ээс сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээ хийх юм. Үүнээс улбаалж хэвийн, өөрчлөлттэй, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай гэсэн байдлаар дараагийн шатны эмчилгээ оношилгоог тодорхойлно.
Ер нь эрт илрүүлгийн ажил эхлэх бэлтгэл байдал хэр хангагдаж байна вэ?
Ажлын хэсгүүд үүрэг чиглэлээ аваад ажиллаж байна.
- Нэгдүгээр ажлын хэсэг нь эрт илрүүлгийн бэлэн байдлыг хангах, иргэдийг тэгш хүртээмжтэйгээр багцын шинжилгээнд оруулах талаар үндэсний хэмжээнд ажиллаж байна.
- Хоёрдох ажлын хэсэг цахимаар тайлан гаргаж, иргэдэд урилга өгнө.
- Гурав дахь ажлын хэсэг нь эрт илрүүлгийг зохион байгуулах эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах, өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг мэдээллээр хангах юм.
- Дараагийн ажлын хэсэг нь эрт илрүүлгийг иргэдэд үнэн зөв мэдээлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах бөгөөд иргэд, эмч мэргэжилтнүүдэд сайд болоод засгийн газраас гарсан тушаал шийдвэрүүдийг үнэн зөвөөр мэдээлэх юм. Энэ ажлын хэсэгт НЭМҮТ-ийн хамт олон ажиллаж байна.
5 сард эхлүүлж буйн бас нэг том шалтгаан нь коронавирусийн халдварын дараах иргэдийн эрүүл мэндийн байдал ямар байгааг илрүүлэх явдал юм. Ер нь нийт иргэдийн эрүүл мэнд хаана явна, ямар байна гэдэг тал дээр томоохон дататай болох давуу талтай гэж харж байгаа.
Зөвхөн өвчлөлийн мэдээллээс гадна хүн амын эрүүл мэндийн байдал хэвийн байна уу, өөрчлөлттэй байна уу гэдэг талаар дататай болсноор цаашид нотолгоонд суурилсан арга хэмжээ авах боломж бүрдэх юм.
Үзлэг хамрагдсан иргэдэд E-mongolia цахим системээр мэдээлэл, дүгнэлт очно.