БНСУ-ын Чүннам их сургуулийн багш, сурагчдын ”Korean Pioneers” багийнхан Монголын иргэний нийгмийн байгууллага, сайн дурын оюутнуудтай хамтран 6 дугаар сарын 22-ны өдөр Олон Улсын Соёлын цэцэрлэгт хүрээлэнд 300 гаруй мод тарьж, тарьсан моднууддаа усалгааны уут суурилуулжээ. Модыг тарих нь чухал ч модыг услах, арчлах нь илүү чухал гэдгийг онцолсон тус багийнхны санаачилсан мод усалгааны шинэ арга нь устай уут юм. Нэг модны суулгацанд модтой хамт суурилуулж буй уг уутанд хийсэн ус гурван өдрийн хамгийн тохиромжтой хэмжээтэй усалгаа болох зуны цагт усыг тасралтгүй усаар хангах боломжтой гэдгээрээ онцлогтой юм.
Мод тарих, арчлах услах талаар санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлэх энэхүү ажлыг Чүннам их сургуулийн Улс төр судлал, ОУ-ны харилцааны тэнхимийн профессор Шин Жин санаачлан хэрэгжүүлж байна. Мөн багийн ахлагчаар тус сургуулийн профессор На Тэ Жонг ажиллаж Монгол оюутан Ялалт, Солонгос оюутнууд болох Ким Мин Сон, Ким Дунхён, Ю Сон Юн нар уг үйл ажиллагаанд оролцож байна. Монголын талаас Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр, Монголын форум ТББ-ууд болон сайн дурынхан хамтран ажиллаж байгаа юм.
Чүннам их сургуулийн Улс төр судлал, ОУ-ны харилцааны тэнхимийн профессор Шин Жин: Солонгосын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй 「2023 KF National Public Diplomacy Project」олон нийтийн хөтөлбөрийн хүрээнд Чүннам их сургуулийн багш, оюутнуудаас бүрдсэн “Korean Pioneers” 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 29-ний өдрүүдэд Монгол улсад ажиллаж байна. Энэ хугацаанд мод тарих, услах ажлуудыг зохион байгуулж, харилцан туршлага солилцох ажлуудыг хийж байна. Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд мод суулгах, усалгааны уут суурилуулах ажил маань амжилттай болсон. Мөн хөдөө орон нутагт уг ажлаа үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байна. Энэ ажил хоёр орны харилцааг хувийн түвшинд хөгжүүлэх, харилцан соёлоо таниулахад өндөр ач холбогдолтой гэж харж байна.
Чүннам их сургуулийн Улс төр судлал, ОУ-ны харилцааны тэнхимийн оюутан Э.Ялалт: Солонгост суралцахаар очоод ногоон модоор бүрхэгдсэн орчин тойрныг хараад атаархах шиг болсон. Монгол орноо Солонгос шиг их модтой болоосой гэж хүсч байна. Тийм ч учраас сургуулийн профессор болон оюутнуудынхаа хамтаар Монголдоо ирж мод тарих үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож байна.
Мөн уг үйл ажиллагааны хүрээнд ”Korean Pioneers” багийнхан, Монголын ТББ-ууд, сайн дурынхан оюутнууд хамтарч Мод тарих, арчлах, услах талаар уулзалт зохион байгуулж 100 гаруй хүн оролцжээ. Үүний дээр Монгол орны ойн аж ахуй, ойжуулалтын алба, их дээд сургуулийн оюутнуудад зориулан модны менежментийн чиглэлээр сургалт, семинар зохион байгуулж, Монгол орны байгаль орчныг харгалзан модыг усаар тасралтгүй хангах шаардлагатай байгааг онцолж, цаашид мод усалгаа арчилгааг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.