Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах саналыг хэлэв.
Тэрбээр, Замын хөдөлгөөний дүрэмд амьдралд нийцэхгүй зүйл олон байна. Хүн санаатай болон санаандгүй ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үед түүнд тохирсон хариуцлага байгаа. Гэтэл тийм зөрчил шийтгэлтэй гэдэг үндэслэлээр бусад эрхүүдийг нь хязгаарлаж байна. Жишээлбэл, Өөр хүнд тээврийн хэрэгслээ зарж нэрийг нь шилжүүлэх гэхэд шийтгэл, зөрчилтэй байна гэдэг. Ингэж давхар шийтгэдэг байдал зөв үү.
Орон нутгийн замд хурдны дээд хязгаараар маш олон хүн торгуулж байна. Хуучны машинууд 60-80 км/цагийн хурдтай явахад болох байх. Гэтэл одоо орон нутгийн зам дээр 100-аас доош км/цагийн хурдтай явдаг машин бараг байхгүй. Албаныхан, цагдаагийнхан гээд бүгд л хурдтай явж байна. Энэ хуульд өөрчлөлт орохгүй юм уу. Яагаад энэ хэвээрээ байгаад байдаг юм бэ.
Мөн замын цагдаагийн байгууллага хуулиа л биелүүл. Заримдаа төсөв бүрдүүлж байгаа юм шиг харагдаж байна. Нэг тойруу, хонхор газруудад машин дотроосоо, машины араас гарч ирээд торгодог. Уг нь бол иргэдэд хуулийг сануулж, ойлгуулж, анхааруулах нь чухал" гэлээ.