Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2023 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих болон Хүүхдийн эрх зөрчих зөрчлийн гаралт, шалтгаан, нөхцлийг судалжээ.
Судалгаагаар тус дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийт зөрчлийн 12.1 хувийг Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн зөрчил, 3.6 хувийг Хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчил эзэлсэн байна.
Хүүхдийн эрх зөрчих зөрчлийн хэргийн 89 хувьд нь “... хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн зөрчил” эзэлж байгаа нь судалгааны дүнд тогтоогджээ.
Хамгийн сэтгэл эмзэглэмээр зүйл нь хүүхдийн эрхийг зөрчсөний улмаас 80 хүүхдийн бие, махбодод гэмтэл учирсан бол 112 хүүхэд сэтгэл санааны хувьд хохирсон гэж холбогдох хууль, хяналтын байгууллагаас дүгнэсэн байна.
Гэтэл дээрх зөрчлийг Үндсэн хуульд заасан “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй” эцэг эхчүүд өөрсдөө үйлдсэн нь хамгийн харамсалтай юм. Эцэг эхчүүд бага насны хүүхдийн дэргэд маргалдах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, тэдний дэргэд архидан согтуурах нь гэмт хэрэг зөрчил болдог гэдгийг мөн төдийлөн сайн мэддэггүй байна.
Хоёр хүүхэд тутмын нэг нь ахуйн архидалт дунд өсөж, үүний цаана хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нь харамсалтай. Хүүхэд өөрөө гэр бүлийн тусгал байдаг. Тиймээс ирээдүй хойч үе болсон үр хүүхдэдээ хар сүүдэр үлдээхгүй байхыг уриалж байна.