ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна. Иймд өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байж, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Бага хэмжээний ашиг орлогын төлөө электрон тамхи худалдаалж, хүүхдүүдийн эрүүл мэндийг хохироохгүй байхыг уриалъя гэв.
Одоогийн байдлаар 111 улс электрон тамхины хэрэглээг ямар нэгэн байдлаар зохицуулж буй. Тодруулбал, 32 улс электрон тамхи худалдаалахыг хориглодог бол 79 улс электрон тамхины хэрэглээг зохицуулах нэг болон түүнээс олон хуулийн зохицуулалттай. Харин 84 улс ямар ч зохицуулалтгүй байгаа юм. Манай улсад ч мөн электрон тамхитай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй.