НҮБ-ын Ерөнхий ассемблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгосон. Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулах зорилгоор жил бүр дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ жилийн уриа “Ой ба инновац” бөгөөд илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүдийг ойн салбарт нэвтрүүлэх зорилго тавигдаж байна.
Ногоон уушги ой мод шатвал яах вэ?
Ой мод хүний уушгинаас арай өөр. Тэрээр хүн төрөлхтний амьсгалах цэвэр агаар, хүчирлтөрөгчийг үйлдвэрлэж, харин үйлдвэр, машин зэргээс гарах хорт утаа, тоосыг өөртөө шингээн цэвэрлэж байдаг. Хүний уушги хүчилтөрөгч ялгаруулж чадахгүй, мод харин хүнд хэрэггүй бүхнийг өөртөө шингээн, хүчилтөрөгчөөр хангагч болдог. Ямар их хорт утаа, бодисыг тогтоон барьж байдаг нь түүнийг хайрлан хамгаалах ёстойг илтгэнэ. Жаахан тоо хэлэе.
- Нэг га ой жилдээ 40-100 тн тоосыг өөртөө барьдаг бөгөөд 20 сая м3 агаарыг цэвэрлэдэг.
- Нэг том мод хоногт 180 литр хүчилтөрөгч ялгаруулдаг.
- 2-5 ширхэг мод хүний хүчилтөрөгчийн хоногийн хэрэгцээг хангадаг.
Ой бидэнд амьсгалах агаар, уух ус, идэх хоол, анагаах эмийн ургамлууд гээд маш их зүйлийг үнэгүй өгдөг боловч бид нэг л үйлдлээр тэднийг устгаж байна.
Ойн түймэр бол ой модыг устгадаг хамгийн том шалтгаан. Гэвч үүнийг хүмүүс бид өөрсдөө хийж, гал алдаж түймэрдэж байгаа гэхээр үнэхээр аймшигтай, харамсалтай... Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол өвөлдөө ямар хэмжээнд хүрдгийг бид мэднэ. Хүн амын талаас илүү нь багшралдан амьдарч буй энэ бүс нутгийн агаарын бохирдлыг Богд-Уул болон хот орчмын ногоон бүсийн модод зохих хэмжээгээр цэвэршүүлж байгаа. Хэчнээн их ачаа тээж байгааг гадарлаж байгаа байх. Харин эдгээр ой мод шатаж, үхэж үрэгдэж, хорогдсоор байвал, ногоон уушги маань үгүй болвол бид хэрхэх вэ?.. Ойн амьтад түймэрт өртсөний дараа идэш тэжээлгүй, амьдрах орон гэргүй болж өөр нутаг хайн туйлдан явдаг шиг ой модоо шатаасаар байвал мөдхөн бид өөр амьдрах газар хайн явах биз ээ. Гэвч манай улсын газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Үндсэндээ хаа сайгүй цөлжилтөд нэрвэгдээд, тоос шороонд дарагдаад хэдийн эхэлсэн. Ингээд бодвол таны гартаа барьсан ганц шүдэнз, хашаагаа л сайхан байлгах гэж шатаасан шар өвс, хаяж орхисон шил, асаагуураас болж хэдэн мянган га талбай, ой шатан сүйдэх аюултайг ухаж ойлгох буй за. Ойн түймрийн хамгийн том хор хөнөөл нь унтарсны дараа л эхэлдэг. Түүнийг тооцож хэмжихийн аргагүй, барьж тогтооход ч хэцүү. Иймийн учир хүн бүр байгаль дэлхий, ой модоо хайрлан хамгаалж, алхам бүртээ үйлдэлдээ эзэн болж асаасан галаа бүрэн унтрааж, өөрийн болон бусдын галыг ч анхаарах хэрэгтэй юм шүү.