Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар бороо, дуу, цахилгаантай аадар бороо орж, ихэнх хугацаанд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүн байж, 06-р сарын 26-30 хооронд говийн бүс нутгаар салхи, шуургатай байлаа.
7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн/ , зүүн хажуугийн Барх, Балж, Онон /Биндэр/, Хэрлэн /Өндөрхаан/, Хангай нурууны арын Орхон /Сүхбаатар/, зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна. Хүдэр, Хараа, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см, Туул гол Лүн, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5-45 см даван үерлэж байна.
Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн аюултай түвшинг 10-15 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна. Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.