Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна.
Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгож байгаа. Гэсэн хэдий ч баяр наадмын өдрүүдэд хүрээлэнгийн чанх ард 7 мянган ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан. Зогсоолд нийт 220 автомашин зогсох боломжтой бөгөөд үүний найм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бол тав нь том оврын автобусны зогсоол байхаар төлөвлөсөн. Уг зогсоолыг томоохон арга хэмжээ болох үед л авто зогсоол хэлбэрээр ашиглана. Бусад үед 80 хувьд нь автомашингүй бүс байхаар зохицуулалт хийх юм. Мөн хүрээлэнгийн чанх ард 40 гаруй машины авто зогсоол шийдэж өгсөн бөгөөд баяр наадмын үеэр эл зогсоолд хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулна гэлээ.
Мөн өмнө нь цэнгэлдэх хүрээлэнг тойруулан байршуулсан 150 мВт-ын лед гэрэл нь зөвхөн тухайн орчмоо л гэрэлтүүлдэг байсан бол шинээр барьсан 16 цамхагт гэрэл нь хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлэх боломжтой аж. Нэмээд есөн жил болсон хиймэл зүлгийг сур, шагайн талбайд шилжүүлэн дэвссэн. Ийн төв талбайд шинээр тоглолт болон спортын тэмцээнд ашиглах боломжтой FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилжээ.
Энэ жил баяр наадмын зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгөн ажиллаж байгаа бөгөөд хүрээлэнгийн нэгдсэн газрын зургийг гарган, нийгмийн сүлжээ болон хүрээлэнгийн ойр орчимд байршуулахаар төлөвлөжээ. Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүс бий болгон дотор нь олон төрлийн тоглоом байршуулж, тайзны цагийн хөтөлбөртэй арга хэмжээ зэрэг олон талт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Тэрчлэн баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэхээр төлөвлөсөн юм.
Түүнчлэн гадна, дотор талбайн засварын ажлын хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан. Өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны дараа хяналт шалгалт хийхэд хэвийн ажиллаж байсан аж. Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварласан байна. Нэмээд ногоон байгууламж бий болгох, орох, гарах хаалганы шатыг стандартжуулах, хаягжуулалтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлсэн. Энэ жил шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулна гэлээ.