Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй дахин нэг тохиолдол бүртгэгдлээ.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд 7-р сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй ба 16-ны өдрөөс эхлэн халуурч эхэлсэн. Одоо сумын эмнэлэгт тусгаарлагдаж, эмчлүүлж байгаа аж.
Иргэд тарваганы түүхий мах, эд эрхтэнтэй хавьтахдаа анхаарал болгоомжтой хандах, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй, тарваганы бөөс, бүүрэгт хазуулахгүй байх, нийслэл хот руу түүхий тарваганы мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушги, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин.
Тарваган тахал нь уушгины хэлбэрт шилжсэн тохиолдолд хүнээс хүнд халдварлаж, нас баралтын төвшин 30-100 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, халдвар авсан 10 хүний 3-10 нь нас барах өндөр эрсдэлтэй.
Монгол Улс нь 1970 оноос эхлэн тарваган тахлыг бүртгэж, мэдээлсэн байдаг. Үүнээс хойш одоогоор 210 хүн тарваган тахлаар өвчилж, 83 нь нас барсан байна. Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.
Тарваган тахлаас сэргийлье.