УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Улсын Онцгой Комиссын гишүүдийг шалгаж өгөх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт гаргажээ.
Covid-19 цар тахлын улмаас гадаад орнуудад гацсан иргэддээ туслах зорилгоор Иргэний онцгой комиссийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар байгуулан ажиллах болсон. Иргэний онцгой комисст ирүүлсэн иргэдийн гомдолд Улсын Онцгой Комисс эх орондоо ирэх иргэдийн нэрсийг гаргахдаа авлига нэхсэн тухай дурдсан байна. Энэ төрлийн гомдлын тоо нэмэгдэж байгаа бөгөөд сошиал орчинд нь ч иргэдийн гомдолтой холбоотой мэдээлэл гарах болсон. Тиймээс шалгалт явуулж, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хүсчээ.
Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хааснаас хойш өнөөг хүртэл хугацаанд 15 мянга гаруй иргэнээ агаарын шугамаар татан авсан юм. Ингэхдээ эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, бага балчир хүүхэдтэй хүмүүсээ түрүүлж авч байгаа гэх мэдээллийг албаныхан өгч ирсэн. Гэвч гадаадад гацсан иргэд "Танил талгүй, өгөх хахуульгүй болохоор эх орондоо очиж чадахгүй байна. Авлигыг нь өгсөн хүмүүс Монголдоо очиж байна" гэх асуудлыг хөндсөөр байгаа юм.