Зам тээврийн хөгжлийн яамнаас “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зарим аймгууд руу бага оврын онгоц нисгэхээр төлөвлөжээ. Энэ дагуу өнгөрөгч 2019 онд Сэлэнгэ аймаг, 2020 оны эхний хагас жилд Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу техникийн нислэгийг амжилттай гүйцэтгээд байсан юм. Харин энэ удаа зарим чиглэлийн хуваарьт нислэгийг сэргээж, эхний ээлжинд Сүхбаатар аймгийн Баруун-Урт руу техникийн нислэг үйлдэхээр болжээ.
Ийнхүү зарим аймаг руу хийх хуваарьт нислэгийн үйлчилгээг сэргээн тогтворжуулснаар иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж, төрөөс үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгч эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ гэж тооцоолж байгаа юм. Дээрх хөтөлбөрийн хүрээнд цаашид Хэнтий аймгийн Дадал, Галшар, Биндэр, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дорнод аймгийн Баяндун, Халхгол зэрэг сумдад бага оврын онгоц хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байгаа гэлээ. Эдгээр чиглэлд бага оврын онгоц нисгэснээр онцгой байдал, эрүүл мэндийн түргэн тусламж, ойн хортон шавжтай тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг албаныхан хэлж байна.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам