Тамхины хяналтын тухай хууль 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд тамхи татахыг хориглосон байршил болон худалдаалахыг хориглосон газруудыг тодорхой тусгасан байдаг. Харин сүүлийн үед гарч буй зарим зөрчилтэй холбогдуулан иргэдийн оролцоог бий болгох замаар хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлд холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 18001286 дугаарын утсаар мэдээллэхийг иргэдэд уриалж байна.
Тамхины тухай хуулийг эргэн сануулвал,
Уг хуульд зааснаар доорхи нэр бүхий газруудад тамхи татахыг хориглосон байдаг. Үүнд:
- Бүх төрлийн тээврийн хэрэгсэл,
- Олон нийтийн үзвэр үйлчилгээний газар,
- Шатахуун түгээгүүрийн газар шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах
- Зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө
- Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар
- Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин
- Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг
- Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гадаад орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газрууд багтжээ.
Харин худалдаалахыг хориглосон газруудад:
- Интернэтээр тамхи худалдах
- Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах
- Баар, цэнгээний газар тамхи худалдахыг тус тус хориглосон байна.
“Тамхины хяналтын тухай” хуулинд зааснаар хуулийг зөрчсөн иргэнийг 50,000 төгрөг, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлэн төлүүлэх хариуцлагыг хүлээлгэх юм.