Монгол Улсын Хөгжлийн гурван тулгуурын нэг аялал жуулчлалын салбарт сүүлийн үед хэрэгжүүлж буй ажил болон байгаль орчныг хамгаалах бодлого аялал жуулчлалын салбартай хэрхэн уялдаж буй талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа.
-Аялал жуулчлалыг хөгжлийн нэг тулгуураар нэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд олж авсан алдаа болон сургамж юу байв?
Аялал жуулчлалын салбар хөгжиж буй салбар хэдий ч 2018 оны байдлаар төсөвт 596 сая орчим ам.доллар буюу 1.5 их наяд гаруй төгрөгийн орлого бүрдүүлж, 35 мянган шууд ажлын байрыг бий болгосон эдийн засгийн гол тулгууруудын нэг болоод байна. Зохистой бодлогоор явуулбал орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж, соёлын өвийн менежментийг сайжруулж, байгаль орчныг хамгаалах боломжтой салбар. Харин зохион байгуулалтгүй хөгжүүлбэл хог хаягдал, орчны бохирдол үүсдэг эрсдэлтэй нь сүүлийн жилүүдэд харагдаж байна. Үр өгөөж ихтэй, орлого нь эдийн засгийн 13 салбарт тарж ордог, тэгш бус байдлыг бууруулахад чухал боловч салбар дундын зохицуулалт шаарддаг онцлогтой. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын зураглалд аялал жуулчлалыг хамгийн бага өсөлттэйгээр авч үзэхэд 2050 он гэхэд уул уурхайтай дүйцэхүйц экспортын орлоготой салбар болох боломжтой харагдаж байгаа. Тиймээс урт хугацаандаа үр өгөөжийг нь хүртье гэвэл зөв бодлогоор авч явах ёстой.
-Эдийн засгийн хувьд үр ашиг нь улам бүр нэмэгдэх боломжтойг онцоллоо. Нөгөө талаас аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ?
Хөвсгөл аймгаар жишээ татахад жуулчдын урсгал их. Гэвч аялал жуулчлал зохион байгуулалтгүй явж ирснээс хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бий болох хандлага ажиглагдаж эхэлсэн. Тиймээс бид тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Төслийн хүрээнд зохион байгуулалт, дэд бүтцийг нь сайжруулах, нутгийн иргэдийг чадавхжуулах ажлууд хийгдэнэ. Энэ хүрээнд хатуу хог хаягдал булах төв, Хатгал, Ханх суурингуудад ердийн болон шингэн хог хаягдлыг нөөцлөх цэг, аялал жуулчлалын гол чиглэл дагуу автомашины зогсоолууд, түр буудаллах болон мэдээлэл үйлчилгээний төв зэргийг байгуулахаар төлөвлөж байна.
Нөгөө талаас жуулчид ч байгальдаа ээлтэй аялах хэрэгтэй байна. Аялал жуулчлалын салбар байгаль орчинд үзүүлэх нөлөөг хоёр түвшинд авч үздэг. Нэгдүгээрт, Гадаадын болон дотоодын жуулчдын байгаль орчинд үзүүлж байгаа нөлөө, хоёрдугаарт, Байгалийн нөөцийг ашиглаж үйл ажиллагаа явуулж буй байгууллагын нөлөө. Энэ чиглэлээр бид стандартыг мөрдүүлэх чиглэлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажилладаг. Бидний өмнө тулгамдаж байгаа нэг томоохон асуудал нь дотоодын жуулчдын байгаль орчинтой зүй зохисгүй харьцаж байгаа явдал. Жилд дунджаар сая орчим дотоодын жуулчин аялдаг. Тэдгээр аялагчид маань байгаль орчинд хог хаягдал хаях, тухайн нутаг усныхаа байгальтай харьцах ёс горимыг дагаж мөрдөхгүй байх зэрэг асуудлууд тулгамдаж байна. Нутаг нутгаасаа хамаарч хориглогдох зүйлсүүд байдаг. Тэдгээрийг аялагчид маань биелүүлэхгүй байх, нөгөө талаас тэрхүү мэдээллийг бүрэн дүүрэн хүргэж чадахгүй байгаа зэрэг асуудлууд бий. Бидний зүгээс иргэд хамгийн ихээр аялдаг бүс нутгуудад аль болох мэдээ мэдээллийг хүргэх самбар болон бусад тэмдэглэгээ зэргийг байршуулах ажлуудыг хийж хэрэгжүүлээд явж байна.
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ААН-Д НОГООН ЗЭЭЛ ОЛГОНО
-Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 400 орчим жуулчны баазын ихэнх нь байгаль, түүх, соёлын нөөц бүхий тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг. Хөвсгөл нуурын эрэгт гэхэд 100 орчим гэр буудал, жуулчны бааз үйл ажиллагаа явуулж буйгаас тал хүрэхгүй хувь нь зөвшөөрөлтэй, стандартад нийцсэн. Өнгөрсөн онд БОАЖ-ын сайд тушаал гаргаж, хөрсний болон орчны бохирдлоос сэргийлэх үүднээс тусгай хамгаалалттай газар нутагт үйлчилгээ үзүүлдэг жуулчны баазууд ариун цэврийн нүхэн байгууламжтай байхыг хориглосон. Энэ хүрээнд нэг талаар стандартын дагуу хяналтаа тавьж буй ч нөгөөтэйгүүр дэмжих бодлого байгаагүй. Тиймээс энэ онд БОАЖЯ ногоон зээл бий болгож, энэ эх үүсвэрээр “Хас” болон ХААН банкнаас 100-аас дээш ор хоногийн хүчин чадалтай жуулчны баазуудад олгосон жилийн 18 хүүтэй зээлийн 10 хувийн хүүг нь дааж байгаа. Зээлийн шалгуур нь жуулчны баазууд цахилгаан халаагууртай болох, ариун цэвэр, бохирын байгууламждаа байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлж, эрүүл ахуйн нөхцөлөө сайжруулахад чиглэнэ. Тэгэхээр бид торгууль ногдуулах арга хэмжээ авахаас илүү урамшууллын бодлогыг илүүтэй барьж ажиллана гэсэн үг. Мэдээж хэрэг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аялал жуулчлалын тухай хууль, байгаль орнчыг хамгаалах тухай хууль мөн зөрчлийн тухай хуулиар тодорхой торгууль ногдуулах, зөрчил арилгах арга хэмжээг авагдаад явна. Харин байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлбэл бид урамшуулья гэж байгаа юм. Энэ нь аялал жуулчлалын салбараас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна гэж харж байна.
Ярилцсанд баярлалаа