Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Эрүүгийн цагдаагийн газартай хамтарсан шалгалт хийж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр /2020.10.20/ Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг илрүүлжээ. Шалгалтаар гурван газраас нийт 70 тн хуурамч цементийг хураан авсан байна.
НМХГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын материалуудад хяналт шалгалт хийж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу үнстэй хольсон хуурамч цемент савлан зарсан, БЗД-ийн 14 дүгээр хороо, Автобус баазын хашаа болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хуурамч цемент үйлдвэрлэн савлаж байсныг тус тус илрүүлж ажилласан байна. Энэ төрлийн хэрэг зөрчил удаа дараа гарч байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авалт хийхийг холбогдох байгууллагууд анхааруулж байна.
Мөн баталгаажилт, чанар байдал нь тодорхойгүй барилгын материал, цемент худалдан борлуулж буй сэжигтэй тохиолдлыг НМХГ-ын 7012-8012 дугаарт хандаж мэдэгдэх боломжтой юм байна.