Гэр хорооллын 40 айлаас 40 усны дээж авч 300 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд химийн шинжилгээний 95%, нян судлалын шинжилгээний 20% нь эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Тухайлбал, шинжилгээнд хамруулсан худгийн усанд фторын агууламж их, бага, төмөр, хатуулаг кальци, магни, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, нянгийн бохирдолттой гэдэсний савханцар бактериар бохирлогдсон байжээ. Гэр хорооллын худгийн усны гүний түвшин нүхэн жорлонгийн түвшинтэй ойролцоо байдаг бөгөөд ахуйн бохир усыг хөрсөнд шууд асгадгаас шалтгаалан өнгөн хөрс бохирдож хүн амыг өвчлүүлэх шалтгаан болдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Иймд өнгөн хөрсний усыг ундны усны зориулалтаар хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори нь сүүлийн гурван жил дарааллан гэр хорооллын айл өрхийн худгийн усыг хими, нян судлалын шинжилгээнд хамруулан ажиллаж байгаа юм.
Ус нь нян бактерийг өсгөн үржүүлэх таатай орчин болдог тул усыг удаан хугацаагаар хадгалахгүй байх, ус агуулах савыг угааж ариутгах, усыг тогтмол буцалгаж, шүүж хэрэглэж Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг холбогдох байгууллагууд анхааруулж байна.