НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа.
-Нийслэлийн төсөв батлагдлаа. Нийслэлийн төсвийн бүрдүүлэлт ямархуу болсон бэ. Төсөв бүрдүүлэхэд татвараас гадна хүү торгуулийн орлогод ихээхэн мөнгө тусгагдсан харагдсан. Ирэх оны нийслэлийн төсөвт иргэдийг торгож 60 тэрбум төгрөг олно гэж тусгасан нь нэлээд шүүмжлэлтэй хандах хэсэг байна л даа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Энэ жилийн 2021 оны нийслэлийн төсөв 819 тэрбум төгрөгөөр батлагдсан. Өмнөх он буюу 2020 онтой харьцуулахад 200 орчим тэрбумаар бага гэсэн үг. 2020 онд нэг их наяд төгрөгөөр баталсан. 2020 онд татвар дээр нэг их наяд төгрөг төвлөрүүлнэ гээд тавьчихсан байсан. Ковидоос болоод татварын бүрдүүлэлт 70 гаруй хувьтай байна. Энэ жил ийм байгаа учраас ирэх жилийг мөн адил төсөөлөөд төсвөө 819 тэрбум төгрөгөөр баталчихлаа. Нэг айл, өрхтэй зүйрлэхэд 2021 онд хэдэн төгрөгийг хоол хүнсэндээ, хэдийг нь байр дулаандаа хэдийг нь хашаа, байшиндаа зарцуулах юм бэ л гэдэг асуудал. Нийслэлийн төсөв яг үүнтэй ижил. Нийслэлд ажиллаж, амьдарч байгаа татвараа төлж байгаа иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн төлөвлөгөөг боловсруулж гаргаж батлахыг хэлж байгаа юм. Төсвийн бүрдүүлэлтийг ярихад, 819 тэрбум төгрөгийг цуглуулахын тулд татвараас гадна хүү торгуулийн орлого гэж байгаа. Нийслэлд 40.8 тэрбум төгрөг тавиад есөн дүүрэгт 20 тэрбум төгрөг тавьчихсан. Үндсэндээ 60.8 тэрбум төгрөгийг зөвхөн хүү торгуулиас олно гэж байгаа юм.
Угтаа хүү торгуулийн орлого гэдэг төлөвлөдөг мөнгө огтоос биш. Нэг айл өрх ирэх жилийн санхүүгийн төлөвлөгөөгөө гаргахдаа хэдэн төгрөгөнд торгуулна гэж тооцохгүй биз дээ. Зүй нь 2020 оны хүү торгууль хэдэн төгрөг орж ирж байна, түүнийгээ 2021 ондоо зарцуулах ёстой.
Шууд автоматаар хүү торгуулиас 60 тэрбум төгрөг авна гээд тусгачихаар цагдаа нарт команд өгөх нь байна. Замын цагдаа хөдөлгөөн зохицуулах байтал татварын байцаагчийн ажил хийж, шууд торгоод явах нь. Цагдаагийн Ерөнхий газар, тээврийн цагдаагийн газар 20 тэрбум төгрөг, Нийслэлийн цагдаа 5.4 тэрбум төгрөг, Мэргэжлийн хяналт 3.7 тэрбум төгрөг, замын хөдөлгөөний удирдлага 7.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гээд нийслэлийн төсөвт төсөвлөсөн. 2021 онд иргэдээ 60 тэрбум төгрөгөөр торгоно гээд төлөвлөчихсөн гэсэн үг. Энэ мөнгийг төлөвлөгөө болгож тавьж байгаа нь огтоос буруу.
-Тэгвэл цар тахлын үед нийслэлийн төсөвт хэрхэн анхаарч ажиллах талаар тусгасан уу. тэвчиж болох зардлуудыг танаж чадав уу?
-Ковидын үед ингэж ажиллана гэсэн нэг ширхэг ч үг, өгүүлбэр байхгүй. Яг хуучин төсвөөрөө ороод ирсэн. Угтаа нийслэлийн төсвийг цар тахалд зориулсан төсөв болгох шаардлагатай. Төсвийн урсгал зардал 363.9 тэрбум төгрөг. Энэ мөнгө өмнөх жилтэй харьцуулахад өсч орж ирсэн. Ковидын үед угтаа хэмнэх ёстой. Гэтэл эсрэгээрээ нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хүүхэд хамгааллын нийт зардлыг 2020 оноос 34.7 тэрбумаар бууруулсан. 2020 онд бууруулаагүй хэрнээ 2021 онд таначихсан гэсэн үг. Ийм ялгаатай байж болохгүй л дээ. Энэ жилийн хөрөнгө оруулалт 130 орчим тэрбум төгрөг. Хөрөнгө оруулалтын зардал дотор тэвчиж болох олон хөрөнгө оруулалт бий. Жишээлбэл, СХД-ийн нутгийн захиргааны барилга 716 сая төгрөг. Энэ жилдээ тэвчиж болох л зардал. Үүний оронд ААН-үүдээ дэмжих ёстой. Налайх дүүргийн цагдаагийн барилга 500 сая төгрөг, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах хөтөлбөр 300 сая төгрөг байна. Бидэнд өнөөдөртөө 2040 оны төлөвлөгөө хэрэггүй. Багануур дүүрэг соёлын ордны барилга 500 сая төгрөг, Налайх дүүрэг соёлын ордны барилга 500 сая төгрөг, Багахангай дүүрэг соёлын ордны барилга 500 сая төгрөг, СХД Толгойт хөгжлийн төв 1.1 тэрбум төгрөгийг тусгажээ. Цар тахлын үед ковидтой холбоотой гэж үзвэл Засаг даргын нөөц хөрөнгө өмнөх жил долоо орчим тэрбум төгрөг байсан бол энэ нь нэмэгдээд 11.3 тэрбум төгрөг болоод ороод ирсэн. Задаргаа байхгүй. Юунд зарцуулах нь тодорхойгүй.
-Угтаа эдийн засаг, аан, иргэдээ дэмжих ёстой юм биш үү?
-Тийм. Эдийн засгаа сэргээхийн тулд ажлын байрыг хадгалах үүднээс ААН-үүдээ дэмжих ёстой. Онцын шаардлагагүй, барилга байгууламжуудыг түрдээ зогсооход 62 тэрбум төгрөг байна. Энэ мөнгийг 3-50 хүртэлх хүнийг ажлын байраар хангаж байгаа бизнес эрхэлдэг хүмүүст хүүгүй, хугацааг нь урт тавиад зээл хэлбэрээр өгч болно. Эдийн засаг сэргэтэл гурван жилийн хугацаанд зээл өгч болно. Цар тахлын үед сан үүсгээд эндээсээ бизнес эрхэлж байгаа хүмүүстээ дэмжлэг үзүүлж болно. Энэ удаагийн төсөвт бүтээлч санал огт алга. Түүнчлэн Нийтийн тээврийн үйлчилгээний газар 138.8 тэрбум төгрөг гэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд үйлчилж байгаа нийтийн тээвэрт нийслэлийн төсвөөс дэмжлэг үзүүлж энэ мөнгийг өгдөг. Маш их мөнгө. Гэтэл нийтийн тээвэр иргэн бүрээс 500 төгрөг авдаг. Энэ 500 төгрөг нь нийт зардлын 30 хувь гэж үзээд байгаа юм. 70 хувийг нь нийслэлээс өгчихөж байна. Ковидын үед нийтийн тээвэр иргэдээс 500 төгрөгийг авахаа больчих. Энэ бол иргэддээ дэмжлэг үзүүлж байгаа нэг хэлбэр. Мөн нийслэлийн төр захиргааны авто бааз 1.4 тэрбум төгрөг байна. Энэ нь дарга нарын 2.5 мотортой, 100 км-т 20 литр бинзен иддэг машинуудын зардал. Энэ зардлыг зогсоох ёстой. Дарга нар хотоо хөгжүүлье гээд байдаг. Тэгвэл нийтийн тээврээрээ үйлчлүүл л дээ. Ямар нийтийн тээвэр явж байгааг харах хэрэгтэй. Шийдвэр гаргаж байгаа дарга нар үнэтэй машин хэрэглэж нийтийн тээврээ яаж мэдэх юм. Он гаргаад дээр дурдсан зүйлсийг тусгаж, төсөвт тодотгол хийж болно.
-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын авч байгаа бодлого шийдвэр, арга хэмжээнд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ тал дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Манай төрийн байгууллагын тогтолцоо, системийг өөрчлөх цаг болсон. Тэр алдаа нь одоо гарч эхэлж байн л даа. Өмнө нь ийм нөхцөл байдалтай тулж байгаагүй учраас амин дээр тулаад ирэхээр буруу систем гэдэг нь мэдэгдэж байна. УОК нэг шийдвэр гаргадаг, НОК өөр шийдвэр гаргадаг. Дундаа хаядаг. УОК, НОК шийдвэрүүд нь үргэлж зөрж байна. Үүнээс нь болж хүний амь хохироод эхэллээ. Судалгаа шинжилгээ муу, хажууд байгаа мэргэжлийн баг нь муу ажиллаж байна гэсэн үг. Дээрээс нь өөрөө бэлтгэгдээгүй, хотыг удирдах болоогүй байна. Шадар сайд Я.Содбаатар ч УОК-ыг удирдах болоогүй. Энэ цаг үед Ерөнхий сайд өөрөө удирдаад явах ёстой. Улсын төсөв ч нийслэлийн төсөвтэй мөн адилхан батлагдсан. Энэ олон соёлын барилга, музей энэ жилдээ хэрэггүй. Бид хүнээ л эрүүл саруул авч үлдмээр байна. Үүн рүү чиглэсэн бодлого улсын төсөвт байх ёстой. Улсын төсвийг ашиг сонирхлын зөрчилтэй баталсан. Би иргэний хувьд 2021 оны улсын төсвийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Яагаад гэхээр Хэнтий аймгаас сонгогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх улсын төсвийг батлахдаа ашиг сонирхлын зөрчилтэй баталсан. Хэнтий аймагт 230 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт тавьсан. Гэтэл нийслэлд 400 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хэнтий аймаг 72 мянган хүн амтай. Нийслэл нэг сая таван зуун мянган хүн амтай. Улсын төсвөөс Хэнтий аймгийн нэг хүнд нэг сая төгрөг хуваарилагдаж байгаа бол нийслэлийн нэг иргэнд 200 мянган төгрөг хуваарилагдаж байна. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрхийг шууд зөрчиж байгаа зүйл.
Эх сурвалж: Өдрийн сонин