Цар тахал Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж, цаашид ямар арга хэмжээ авбал зохистой тухай эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Засгийн газраас ковидтой холбоотойгоор 23 арга хэмжээ авч хэрэгжүүлснийг та хэрхэн харж байна вэ. Эдийн засгийн хувьд яг оновчтой арга мөн үү?
-Эдийн засгийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхдээ хоёр тулгуурт бодлого явуулах ёстой. Нэг нь өрх рүү нөгөөх нь аж ахуйн нэгж баялаг бүтээгч салбар руу чиглэсэн. Хэрвээ та санавал анх ковид гэх үед буюу 2020 оны гуравдугаар сар, дараа нь тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь саяны хэлсэн 23 арга хэмжээнээс илүүг мэдэгдсэн. Одоогийн байдлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг харахад 90 гаруй хувь нь өрх рүү чиглэсэн нь зөв боловч хангалтгүй. Баялаг бүтээгчдээ, аж ахуйн нэгжүүдээ дэмжих оновчтой бодлогоо гаргахгүй бол жилийн дараа гэхэд маш олон ажлын байр устаж, ажилгүйдэл нэмэгдэх нь тодорхой. Гэтэл ажил хийхгүй бол хүн ар гэрээ яаж авч явах юм бэ? Зээлээ яаж төлөх юм бэ? Хүүхдийнхээ ном сурах бичгийг яаж авч, яаж амьдрах вэ?!
-Засгийн газар хөл хориог дахин арав хоног сунгалаа. Ингэснээр хүндхэн байсан эдийн засаг бүр уналаа. Гэтэл Засгийн газраас эдийн засгийг сэргээх битгий хэл унагахгүй байх олигтой арга хэмжээ авалгүй өнөөг хүрлээ?
-2018 онд гаргасан Дэлхийн банкны судалгаагаар Монголын эдийн засагт ямар нэг хямрал үүсвэл 450 мянган иргэн ядуурлын ангалд орох эрсдэлтэйг нотлосон. Энэ үед УОК ямар шийдвэр гаргах нь хэр олон хүн ажилгүйдэх, хэр олон өрх орлогогүйдэхтэй шууд холбоотой гэж хэлж болно. Тиймдээ ч эдийн засагчийнхаа хувьд өдөр бүр УОК-ын гишүүдийн гаргаж буй шийдвэрийг эдийн засаг талаас нь анхааралтай сонсож, зөвлөөд анхааруулаад явахыг хичээдэг.
Дэлхийн улс орнууд эрүүл мэнд, эдийн засаг гэсэн хоёр том хэлбэрээр арга хэмжээ авч байна. Эдийн засгаа бас дотор нь ерөнхийд нь хоёр баганад хуваадаг. Нэг нь өрх рүү чиглэсэн. Үүнд гэрээсээ гарч чадахгүй, ямар ч орлогогүй иргэдийн амьдралыг тэтгэх чиглэлийн мөнгөн, мөнгөн бус дэмжлэг орно. Нөгөөх нь баялаг бүтээж буй хувийн хэвшил рүү хандах. Нэг ёсондоо богино хугацаанд иргэддээ мөнгө өгөөд явж болно, гэтэл байнга гэвэл худлаа. Иргэд маань ажлын байртайгаа үлдвэл амьдралаа өөрсдөө залгуулаад явна. Ажлын байрыг аварч үлдэнэ гэдэг маш чухал. Хэрэв ингэж чадахгүй бол дараа жилээс эхлээд эдийн засагт соривжилт үүсэх эрсдэлтэй. Хэрэв Засгийн газраас хамгийн их ажлын байр бий болгодог салбаруудад анхаарлаа хандуулахгүй бол аж ахуйн нэгжүүд дампуурах нь тодорхой болчихлоо. Иймээс хүндрэлийг хохирол багатай туулахын тулд баялаг бүтээгчид рүү чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэх нь чухал.
Бид нэг ч гэсэн ажлын байр авч үлдэж чадвал Монгол хүн өөрийнхөө хөдөлмөрөөр өөрийнхөө амьдралыг авч явах боломж олгож байгаа хэрэг мөн. Гэтэл 2021 оны төсвөөс харвал 2021 онд ажлын байрыг хамгаалж үлдэх, баялаг бүтээгчдийг дэмжих цар тахлын үеийн бодлого дутагдсан гэж хэлж болно.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөв задлахгүй, тодотгохгүй гэсэн байр суурь үргэлж илэрхийлдэг. Үүнийг та хэрхэн харж байна вэ. Уг нь онцгой нөхцөл гээд төсвөө тодотгоно гэж хүн бүр хүлээсэн?
- 2020 онд УИХ, орон нутгийн сонгууль болсон. 2020 оны төсвийг сонгуулийн төсөв гэж хэлэхэд хилсдэхгүй. Хамгийн бүтээмжтэй салбар руу хамгийн зөв бодлого дэмжсэн хөрөнгө оруулалтууд хийгдээгүй. Урсгал зардал маань огцом өссөн дүнтэй. Үнэндээ төсөв гэдэг бол иргэдийн, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлж буй л мөнгө шүү дээ. Тиймээс төсвийг иргэд, компаниудын хоолойд тулгаад байгаа хүндрэлийг арилгах гэж л зарцуулах ёстой. Ингэж чадаагүй ээ. 2021 онд яг адилхан замаар явах гээд байна. Тэгвэл бид маш том алдаа гаргана.
Бид нэг асуудал босохоор за одоо яахав гээд суугаад байх зохисгүй. Вакцин авах мөнгийг Дэлхийн банкнаас зээлнэ гээд байна. АНУ-ын Засгийн газар өнгөрсөн зун төсвөө батлаад худалдан авалтаа хийсэн. Бид үнэхээр төсвөө батлаад худалдан авалтаа урьдчилаад хийж болох л байсан. Одоо олон улсын байгууллагаар дамжуулж цаг хожно гэж байна. Магадгүй гэхдээ өнгөрсөн зун түрүүлээд мөнгө төлчихсөн бол заавал ингэх шаардлага үүсэхгүй болов уу. Одоо дүүрсэн. Тэгэхээр шүүмжлэх биш урагшаа хараад хамгийн гол асуудлаа ярилцаад шийдлээ хэлэлцэе. Монгол улсын эдийн засаг 40 их наяд хүрэхгүй төгрөг. Дунджаар өдөрт 110 тэрбум төгрөг. Улсаараа тэг зогсолт хийлээ гэхэд өдөрт 110 тэрбумыг алдана. Ч.Хүрэлбаатар сайдын хэлснээр вакцин авах мөнгө 50 сая ам.долларыг Дэлхийн банкнаас зээлнэ гэсэн. Энэ нь нэг өдрийнхөө алдах мөнгөөр вакцин авна гэсэн үг. Тэгэхээр вакцин оруулж ирэх товыг нэг өдөр ч наашлуулах нь онцгой комиссын хамгийн ач холбогдолтой ажил.
Улаабаатар хот эдийн засгийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг, үүнээс 80 хувь нь тэг зогсолт хийлээ гэвэл өдрийн 50 тэрбум төгрөг алдаж байна гэсэн үг. Энэ ямар их мөнгө вэ? Хэрэв бид энэ мөнгөөр орон сууц барья гэвэл зогсолт хийсэн хугацаанд 1.5 их наяд төгрөг болно, үүгээр байшин барья гэвэл 16000 айлын орон сууц. Ийм хэмжээний алдагдал хүлээж байна. Бэлтгэлтэй байсан бол ч гэж бодохоор харамсалтай.
-Ер нь Засгийн газар мөнгө байхгүй л гэсэн ойлголт иргэдэд өгөөд байгаа?
-Сангийн сайдын хэлсэн шиг төсөвт мөнгө байхгүй биш. Мөнгө байгаа учраас л 60 тэрбумаар Чингис хааны музей, 10 тэрбум төгрөгөөр үзмэр авна гээд оруулчихсан. Мөнгөгүй бол юу гэж 150 тэрбум төгрөгөөр Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөх вэ? Соёлын хэдэн төв байна, лав миний тоолсноор 50-60 соёлын төвийн барилга, засварын ажил.
Иргэдээс асуух хэрэгтэй. Өнөөдөр энэ бүтээн байгуулалтуудыг хийх хэрэгтэй юу? Эсвэл ажлын байрыг хамгаалах хэрэгтэй байна уу гэж? Үнэхээр соёлын төв хэрэгтэй, музей барих нь нэн шаардлагатай гэж хэлэх хүн ховор.
Гарц байна уу. 2021 оны төсвийг харахад урсгал зардалд бараа үйлчилгээний зардал гэж 2.1 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтад 3.5 их наяд төгрөг тавьсан. Энэ хоёрыг нийлүүлэхэд ойролцоогоор 5.6 их наяд төгрөг. Энэ мөнгөний 20-30 хувийг хувийн аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалахад чиглүүлж чадвал өнөөдрөөс магадгүй жил, хоёр жилийн дараа илүү олон монгол хүнийг ажлын байртай болгох боломжтой. Энэ боломжийг олгохын тулд 2021 оны төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай.
2020 онд алдсан алдаагаа давтаж болохгүй. 2021 оны төсөвт нэг их наяд төгрөгийг яаж ийж байгаад баялаг бүтээгчдийг дэмжихэд зарцуулахаар өөрчилж чадвал том амжилт. Энэ нь нэг ажлын байр тутамд 1 сая төгрөг гэсэн үг. Ингэж чадахгүй бол хэдэн арван мянгаар яригдах аж ахуйн нэгжүүд хэцүүдэж,хэдэн зуун мянгаар яригдах ажлын байр шууд эрсдэлд орно л гэж бодох хэрэгтэй.