Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа “Аялал жуулчлалын хөгжлийн төв”(ТӨҮГ) “Иргэний нисэхийн үндэсний төв”-тэй 2021-2024 онд хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Ковид-19 цар тахлын нөлөөгөөр зогсонги байдалд ороод байгаа аялал жуулчлалын салбарыг дахин сэргээх, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, чанар стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэх”, мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”–т тусгагдсан 2021-2030 онд хэрэгжүүлэх нисэх буудлыг түшиглэсэн “Худалдааны аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилтуудын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хоёр байгууллага хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Ковид-19 цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд чиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зэрэг асуудлаар хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
Аялал жуулчлал нь салбар дундын шинжтэй бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын эдийн засгийн өсөлтөд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, Ковидын дараах аялал жуулчлалын шинэ төрхийг бий болгоход төрийн байгууллагууд хамтран ажиллах энэхүү санаачлага нь төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлын эхлэл болж байна.