Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох тухай асуултуудад Хүний гавьяат эмч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ш.Цэрэнсамбуугаас тодрууллаа.
-Жирэмсэн эмэгтэйчүүд файзер вакцинд хамрагдаж болно гэж холбогдох албаныхан хэлж байна. Вакцин хийлгэх нь зөв үү?
-“Ковид-19” бол дэлхийн цар тахал. Өнөөдөр дэлхий даяар энэ тахлын аюул сулраагүй байна. Хэдийд намжих эргэн мутацлагдсан хэлбэрээр пандем болох нь ч тодорхой бус байна. Энэ аюулаас хамгаалах цорын ганц арга нь вакцин л байна. Жирэмсэн ээжүүд вакцин хийлгэж болно. Гэхдээ зөвхөн сайн дурын үндсэн дээр хийлгэнэ. Одоо манай улсад Pfizer/bioNTech вакцин хийлгэхийг санал болгож, бас энэ вакцинаар жирэмсэн эмэгтэйчүүдээ дархлаажуулж эхэлж байна.
-Заавал хийлгэх шаардлагатай юу?
-Манай улс дархлаажуулалтын хуультай улс. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр явагддаг. Заавал хийлгэх албагүй. Та өөрөө шийднэ. Вакцин хийлгэхгүй бол “Ковид-19”-өөр хүнд өвдөнө. Бас хүндэрвэл амь насаа алдах аюултай.
-Тулгар биетэй эх цар тахлын вакцинд хамрагдах нь зөв, буруу гэсэн маргаан нийгэмд их байна. Ер нь вакцин хийлгэвэл хор уршиг бий юү?
-Шинэ коронавирусийн бүх вакцин түүхэнд хамгийн богино хугацаанд бас өндөр зардалтай бүтээгдсэн. Нэг ёсондоо, богино хугацаанд эмнэл зүйн туршилтаар бий болсон вакцин. Түүний нөлөө бүрэн судлагдаагүй. Ялангуяа жирэмсэн хөхүүл эхчүүд дээр дагалдсан судалгаа явагдаж байна.
-Тэгвэл туршилт хийж байна гэсэн үг үү?
-Мэдээж хүн төрөлхтөн анх удаа шинэ коронавирусийн халдвар мөн цар тахалтай нүүр туллаа. Тэгэхээр эмчилгээ, ажиглалт, хяналт, халдвар хамгаалалт, сэргийлэлт, вакцин бүгд шинэ. Бүгд л шинэчлэгдээд клиник эмнэл зүйн ажиглалтад суурилан эмчилгээ нь сайжраад, шинэчлэгдэн явагдаж байна. Эмчилгээ бараг 10 гаруй удаа шинэчлэл хийгдсэн байх. Дэлхийн хаана ч жирэмсэн ээжүүд, архаг хууч өвчтэй хүмүүст м-РНХ дээр суурилсан энэ вакциныг хийгээд үр дүн мөн гарч байгаа хүндрэлийг нь бүртгээд явж байгаа.
-Файзер вакцин аюулгүй гэдэг нь батлагдаагүй гэж ойлгож болох уу?
-ДЭМБ, АНУ болон барууны орнуудад зөвшөөрөөд байгаа вакцинуудын жирэмсэн эхчүүдэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан туршиж судлаагүй. Хэдийгээр эрдэмтэд вакциныг аюулгүй хэмээн хэлж байгаа ч энэ нь хараахан баттай болоогүй. Ийм учраас вакцинд хамрагдсан ээжүүдийг тогтмол хянах зайлшгүй шаардлагатай. Ямартай ч АНУ-ын хэмжээнд хянаж судлах ажиллагаанд оролцож буй 20 мянган жирэмсэн эмэгтэйгээс одоогоор ямар нэгэн гаж нөлөө илрээгүй байгааг АНУын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Халдварт өвчин судлалын дарга Энтони Фаучи өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн байна. Гэвч лавшруулан судлах шаардлагатай, мэдэхгүй олон зүйл байгааг дурджээ. Түүнчлэн шинжээчид Ковид-19-ийн вакцины сөрөг талыг няцаах, жирэмсэн эхчүүдэд нөлөөгүй гэсэн бүрэн гүйцэд баталгааг хараахан олоогүй байна.
-Яагаад заавал файзер вакцин жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж байна?
-ДЭМБ хэрэглэж болохыг нь хүлээн зөвшөөрсөн юм. Жишээ нь, АНУ-д мутацлагдсан хэлбэрүүд гарч АНУ-ын Халдварт өвчний хянаж, сэргийлэх төв (CDC) болон Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, Эх, ургийн анагаах ухааны нийгэмлэг зэрэг нөхөн үржихүйтэй холбоотой хэд хэдэн байгууллага тус улсад албан ёсоор зөвшөөрөөд байгаа mRNA-д суурилсан хоёр вакциныг жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд санал болгох боломжтой гэж үзэж байгаа юм. Гэхдээ жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй ээжүүд эмчтэйгээ зөвлөсний үндсэндээр вакцин хийлгэхийг эдгээрбайгууллага зөвлөж байна.
-Яагаад Засгийн газраас өгч байгаа чиглэл эмч нар зөрчилдсөн дүгнэлттэй байна вэ?
-Яагаад гэвэл, “Ковид-19”-ийн эсрэг вакцины клиникийн туршилтад жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулаагүй ба тэдэнд аюулгүй гэж хэлэх баримт эрдэмтдэд хангалттай цуглаагүй байгаа юм. Засгийн газар болоод төр засгийн хамгийн гол үүрэг нь иргэдээ аюулгүй амьдруулах ёстой. Ялангуяа цар тахлын үед бүхий улс орны төр засаг иргэдийнхээ төлөө чадах чинээгээрээ л зүтгэж байна. Манайхан вакцинжуулалтанд бүр онцгой анхаарч дэлхийд тэргүүлж байгааг бүгд харж байна.
-Тэгсэн хэр нь яагаад халдварын өвчлөл буурахгүй байгаа юм бол?
-Хэрэв вакцинжуулаагүй байсан бол өнөөдөр ямар байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Бас ямар вакцинаар иргэдийн хэдэн хувийг яаж дархлаажуулсан ямар үр дүнтэй байна. Бусад адилхан вакцин хэрэглэсэн улс орнуудтай харьцуулахад өвчлөл эндэгдэл ямар байна. Адилхан вакцинд хамрагдсан улс оронтой харьцуулахад мөн вакцинжуулаагүй улс оронтой харьцуулахад гээд бүх дүгнэлт гарна. Хугацаа хэрэгтэй.
-Файзер вакцин хийлгэснээр жирэмсэн ээжүүд халдвар аваад хөнгөн тусаад дархлааны эсрэг бие үүснэ гэсэн үг үү?
- Амьд вирус агуулсан вакцин тариулахыг жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөдөггүй. Амьд вирус агуулаагүй, вирусийн гадаргуу дээрх уургийн генийн мэдээллийн хэсгийг агуулсан messenger RNA хэмээх шинэ технологид суурилан бүтээсэн Pfizer болон Moderna вакцинууд вирусийн гадаргуу дээрх уургийн мэдээллийг эсүүдэд өгөх замаар “Ковид-19”-ийг дархлааны системд эсэргүүцэх механизмыг үүсгэдэг. Тиймээс энэ төрлийн вакцин
халдвар авах шалтгаан болохгүй.
-Файзер вакциныг яагаад заавал жирэмсэн ээжүүдэд санал болгож байгаа юм?
-Ер нь энэ м-РНХ дээр суурилсан вакциныг зөвхөн жирэмсэн гэлтгүй, архаг хууч өвчтэй байнга нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байдаг, эрхтэн солиулах мэс засалд орсон болон орох гэж байгаа, (элэг, бөөр, үе) бөөрний архаг дутагдалтай гемодиалезд ордог хүмүүсийг дархлаажуулж байгаа юм. Тэгэхдээ манайхан их сонин ард түмэн их ухаалаг юм уу гэхээр тийм биш хэрсүү юм уу гэхээр гэнэн, гэнэн юм уу гэхээр маш их болгоомжилдог улс шиг санагддаг. Файзер чинь хамгийн үнэтэйгээс гадна олдохгүй байгаа вакцин. Цөөн тоогоор ирэх үед нь булаацалдаад ар өврийн хаалга яриад хардаад байсан одоо вакцинжуулья гэхээр хийлгэхгүй ээ гээд байгаа улс. Гэхдээ энэ нь одоо байгаа дээр нь хурдан хийлгэ гэсэн үг биш. Та өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргана. Гэвч вакцинжуулалт бол цэвэр сайн дурын асуудал шүү.
-“Ковид-19” халдвар жирэмсэн ээжүүдэд яаж нөлөөлж байна?
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд “Ковид-19” хүндрэх эрсдэл өндөр байгаа. Халдваргүй жирэмсэн эхчүүдтэй харьцуулахад халдвартэй жирэмсэн эмэгтэйчүүдэд тав дахин илүү эрчимт эмчилгээ хийж, амьсгалын аппарат шаарджээ. Халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүд цар тахлаар нас барах магадлал өндөр. Хууч өвчтэй хүмүүст бүр ч эрсдэлтэй байна. Жирэмсэн эмэгтэйчүүд ковидоор халдварлагдсан тохиолдолд дутуу төрөх, кесар
хагалгаагаар төрөх, даралт ихсэх, тархи, зүрх, бөөр зэрэг эрхтний цочмог гэмтэл, төрсний дараах цус алдалт гэх мэт төрөхийн хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харж болно. “Ковид-19” халдвар аваад 2020 оны 4-11 дүгээр сард хүүхэд төрүүлсэн 406,000 эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар ковидын халдвартай ээжүүдэд дутуу төрөлт, жирэмсний хожуу үеийн хордлого, судасны доторх бөглөрөлт эмгэг(тромбоз), нас баралт гэх мэтчилэн хүндрэлийн түвшин халдваргүй ээжүүдээс хамаагүй өндөр байгааг АНУ-ын Анагаах ухааны холбооноос эрхлэн гаргадаг JAMA Internal Medicine сэтгүүлийн 2021 оны нэгдүгээр сарын дугаарт хэвлэгдсэн өгүүлэлд тэмдэглэжээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин