Өнөөдөр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. НҮБ-ын гишүүн 193 улс оронд 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр байгаа юм.
"Олон улсын охидын өдөр”-ийг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ" бүжин туулайн суултыг төв талбайд зарлажээ. Уг арга хэмжээ өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүжингийн суултаар охидын эрхийг хуулиар хамгаалах, хохирсон эрхийг нөхөн төлүүлэх асуудлыг яагаад анхаарахгүй байгааг төрийн ордонд сууж буй эрх баригчдад сануулж буй юм.
Мөн, МЭХ-оос "Бага насны хүүдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг өршөөлд хамруулахгүй байх, ялын доод хэмжээг нэмэх, ажлын байрны бэлгийн дарамтыг эрүүгийн хуулиас хассаныг нэмж оруулах" шаардлагыг тавьж байгаа аж.
Судалгаагаар, сүүлийн таван жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 1323 нь эмэгтэй, 47 эрэгтэй хүүхэд байна. Насаар нь ангилж харвал,
- 7 хүртэлх насны 96 хүүхэд,
- 8-13 насны 431,
- 14-17 насны 843 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Жил ирэх тусам хохирсон хүүхдийн тоо нэмэгдсээр байна.
Жилд дунджаар 300 гаруй хүүхэд буюу ерөнхий боловсролын сургуулийн 15 ангитай тэнцэх хэмжээний олон хүүхэд хүний ёсноос гажууд, байж боломгүй гэмт хэргийн хохирогч болж насан туршдаа бие махбодын болон сэтгэл зүйн шархтай үлдэж байна.
Гэмт хэрэгтний сэтгэл зүй, гэмт хэрэгтэн болж төлөвших шалтгаан нөхцөл, нийгэм эдийн засгийн хүчин зүйлтэй тэмцэх ёстой. Гэвч хамгийн амархан арга буюу гэмт хэрэгтэн болсон хойно нь тэмцээд, үзэн ядаад байгаа нь гол алдаа. Бодит үнэнтэй нүүр тулж, арга хэмжээ авна гэдэг нь зөвхөн амаараа ярих тухай огт биш. Үйлдэл хийж, үлгэрлэж ирээдүйгээ хамгаалах тухай гэдгийг МЭХ-ны зүгээс онцоллоо.