Манай улс 18.6 сая га ойн сантай. Нийт газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг гэсэн үг юм. Гэвч жил бүр хэдэн зуун мянган га талбай түймэрт өртөж байна.
Энэ оны урьдчилсан байдлаар гэхэд Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Ховд, Төв зэрэг аймгийн газар нутагт 25 удаагийн ой хээрийн түймэр гарч 122.6 мянган га талбай шатжээ.
Ойн түймрийн дараах хор хохирлыг мөнгөөр үнэлэхийн аргагүй... Маш их үнэт баялаг, нөөц устаж үгүй болдог. Ойд хуурай газрын ургамал амьтны 80 орчим хувь нь амьдарч байна. Манай орны ой элдэв төрлийн жимс жимсгэнэ, хүнс тэжээл, нэн ховор эмийн ургамлаар баялаг билээ. Гэтэл хүний буруутай үйл ажиллагааны үр нөлөөгөөр ойн амьдрал сүйдэн доройтож, түймэрт шатаж байгаа нь харамсалтай.
Ой хээрийн түймэр нь бүс нутгийн хэмжээнд шууд нөлөөлөөд зогсохгүй үндэстэн дамнадаг гэдгийг бид бишгүй л харж байна. Богино хугацаандаа шууд нөлөөлөл нь мэдэгддэггүй ч алсдаа уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, хуурайшилт, ойр ойрхон түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид хэлж сануулсаар байгаа.
Саяхан Сибирт гарсан түймэр асар их хэмжээний газар нутгийг шатааж, хэдэн зуун сая амьтад эндсэн. Үүний улмаас манай улсын зарим бүс нутаг, аймагт зэрлэг амьтад ойр ойрхон үзэгдэх болсон талаар онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна. Идэш тэжээл, амьдрах орчин нь сүйдсэн амьтад аврал хайж суурьшлын бүсэд орж ирсэн нь энэ юм. Энэ бүх гамшгийн анхдагч шалтгаан ердөө л хүний, та бидний хийсэн ганцхан жижиг буруу үйлдэл.
Та ой хээрт явахдаа асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраагаарай. Мөн ой, хээрийн гал түймрээс дүрвэсэн ан амьтад харагдах болсон тул ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна.
Ойн түймрийн аюул таны гарт байдаг гэдгийг бүү март. Алдаж галдвал хүний хүчээр унтаарахад ч хэцүү.Ой мод, түүний доторх амьдралыг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чухал ач холбогдолтой. Харин түймрийн байгальд учруулах нөлөө нь хэдэн арван жилийн турш мэдрэгдсээр байдаг гэдгийг сануулъя.