Улсын Их Хурлын чуулганы (2023.12.21) нэгдсэн хуралдаанаар 2024 онд болох Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан. Тэрбээр, тогтоолын төслийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилтыг хангах, аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил, Улсын Их Хуралд суудалтай болон улс төрийн бусад намуудтай зөвшилцсөн байдал, сонгуулийн тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байх зэрэг хуулийн зохицуулалт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Монгол Улсын хүн ам, сонгуулийн насны иргэдийн тоо зэргийг үндэслэн боловсруулсан талаар тодорхой дурдав. Төсөлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан байна.
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Монгол Улс бол нэг засаглалтай, нэгдмэл улс. Бид үндэстэн ястнаар хуваагдаж болохгүй. Тиймээс Баян-Өлгий аймгийг салгаж нэг бүс болгож байгаа юм шиг буруу ярьж болохгүй. Тус аймаг харин ч бүс нутгийн интеграцчилалд орж, бүсийн хөгжлийн бодлогод хамрагдаж явах ёстой гээд, 48 гишүүнийг сонгох жагсаалтад хүн амын бүлгүүд, үндэстэн, ястан бүрийн төлөөлөл орох боломж бийг дурдаж, сонгуулийн тойргийн асуудалд нэг Монгол гэдгээ санаж, улс суурьтай хандахыг Улсын Их Хурлын гишүүдэд уриалав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийн дагуу, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувь нь дэмжив. Ингээд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгосноор уг тогтоол батлагдлаа.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт, Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно гэж заасны дагуу ээлжит сонгуулийг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна гэж заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоолын төсөлд тусгажээ. Мөн дээрх хуулийн 9.3 дахь хэсэгт, гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн, гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тусгасан байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ээлжит сонгуулийн санал авах өдөр болон гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрүүд хоорондоо уялдах эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, гадаад улсад байгаа иргэдийн нөхцөл байдлыг харгалзан санал авах өдөр болон цагийг уртасгах боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, бүсчилсэн тойрог бүхий пропорциональ тогтолцоогоор зохион байгуулагдаж байгаа анхны сонгууль тул техникийн болон тогтоолын төсөлд заасан хугацаанд зохион байгуулах боломж бүрэн байгаа эсэх, мөн гадаад улсад ямар хэлбэрээр иргэд санал өгөх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нэр дэвшигчдийн нэрс саналын хуудсанд хэрхэн бичигдэх, мөн сонгуулийн санал авах өдөр баасан гараг байх нь сонгогчдын ирцэд нөлөөлөх эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулгадаа дурдав.
Гишүүдийн дээрх саналуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй сонгуулийн тов тогтоох асуудлаар гурван хоногийн завсарлага авах горимын санал гаргасан юм. Гэвч Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг асуудал хуулийн хугацаатайг сануулж, нэг хоногийн завсарлага өгөв.