Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзвар орчимд нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө “Дашваанжил” компанийн 60 тоннын даацтай автомашин газ ачиж явах үеэрээ дэлбэрснээс том осол болж, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, ахлагч Д.Барсүрэн, ахлагч Э.Түвшинтөр нар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан гурван алба хаагчдын ар гэрт “Буянт-Ухаа” хороололд тус бүр гурван өрөө орон сууц олгохоор Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэжээ. Мөн бусад хохирлыг арилгахад шаардлагатай нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.
Мөн амь насны даатгалаар тус бүр 50 сая төгрөг олгох юм.