Нийслэлийн ерөнхий боловсролын, тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүй байна. Иймд тус сургуульд шаардлагатай засвар үйлчилгээг энэ онд хийхээр төлөвлөөд байгаа юм. 2023-2024 оны хичээлийн жилд 29 дүгээр сургуульд нийслэл болон 21 аймгийн тусгай хэрэгцээт 263 хүүхэд суралцаж, 145 багш, ажилтан ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлээс бодлого гарган ажиллана. 2010-аад оноос хойш замбараагүй, төлөвлөлтгүй баригдсан орон сууцны хотхон, хорооллуудад сургуулийн хүртээмж маш муу байгаа. Энэ асуудлыг шийдэж, цэгцлэхийн тулд сургууль, цэцэрлэгүүдийг үе шаттай байгуулахаар ажиллаж байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт “Алтай”, “Голден парк” хотхон, Хан-Уул дүүрэгт “Кинг тауэр” хотхон, “Шинэ яармаг” хороолол, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо зэрэг байршилд газар чөлөөлж, сургууль барихаар болсон. Энэ жил сургууль, цэцэрлэг барьж, байгуулахад 160 орчим тэрбум төгрөг зарцуулна.
Нийслэлээс 2024 онд сургууль цэцэрлэгийн хүртээмж дээр онцгой анхаарч нийт 33 сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барихаар төлөвлөөд байна. Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэг зэрэг хүн амын суурьшил илүү нягтарч байгаа байршлуудад газар чөлөөлж, улсын сургууль, цэцэрлэгийг байгуулна. Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний хамгийн гол хоёр хүчин зүйлийн нэг нь боловсролын чанар байна. Энэ төвлөрлийг сааруулах, боловсролын хүртээмжийг сайжруулахын тулд хотын захын сургуулиудын боловсролын чанарыг илүү хүртээмжтэй болгох дээр бодлого гарган ажиллаж байгаа юм. НЗДТГ-аас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 10 сургууль, гурван цэцэрлэгийг жишиг болгох төсөл хэрэгжүүлж байна гэлээ.