Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны 60 дугаар тогтоолоор байгуулсан. Түр хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм. Эмийн асуудлаарх түр хорооны дарга Ж.Чинбүрэн, гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар /2023.01.19 / Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах-д гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа.
Гурван давхар, 1000 m2 талбайтай тус агуулахыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 онд барьж ашиглалтад оруулжээ. Уг агуулах нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект юм. Тус байгууллагын үйл ажиллагааны талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Санхүү, хангамж нөөцийн албаны дарга Д.Болдбаатар Түр хорооны гишүүдэд танилцуулав.
Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан хүргэв. Тэрбээр, Цар тахал, гамшгийн үед Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй байхад зориулж, энэ агуулахыг Азийн хөгжлийн банкны 3 сая долларын тусламжаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-д хоёрхон жилийн өмнө шинээр байгуулж, ашиглалтанд оруулсан. Гэтэл агуулахад зөвхөн хугацаа нь дууссан, ашиглах боломжгүй болсон эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл л хураагдсан байна. Зовох цагт хэрэглэх эмийн агуулах уу?, зүгээр л хугацаа нь дууссан эмийн “хогийн цэг” үү?
Жишээ нь, 165 сая төгрөгийн үнэ өртөгтэй, хугацаа нь дууссан тоцилизумаб (моноклонал эсрэг бие) тарилга байна. Ковидын үед хүндрэлд хэрэглэхээс гадна, хэрх (ревматизм) өвчний үед тарьдаг чухал тарилга юм. Татвар төлөгчдийн хөлс, хүч шингэсэн, их хэмжээний төсвөөр авсан тарилгыг хугацаа нь дуусахаас өмнө эмнэлгүүддээ хуваарилахад юу дутсан бэ? Мөнгө биш сэтгэл, ёс зүй, менежмент дутсан байна. Хэрх өвчтэй хүмүүст нэн хэрэгцээтэй, сар бүр тариулдаг тарилга хайран, татвар төлөгчдийн хөрөнгө яйран болсон байна. Эмийн тогтолцоо нь өөрөө өвчтэй байна. Энэ мэт хүнээ мартсан, хариуцлагагүй явдлыг хэрхэвч өөгшүүлэхгүй" гэдгийг хэллээ.
Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хашаанд байрладаг бөгөөд харьяаллын хувьд Эрүүл мэндийн яам болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн аль алинд хамаарч үйл ажиллагаа явуулдаг аж. Тус агуулахад 20 гаруй нэр төрлийн 8 тэрбум гаруй төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалагдаж байгаа бөгөөд олон улсын байгууллагын тусламжаар ирсэн эм, эмнэлгийн хэрэгсэл зонхилдог байна.
Эмийн чанарын асуудлаарх Түр хорооны дарга Ж.Чинбүрэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ, хязгаарыг танилцуулсан. Мөн ирэх гуравдугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар мэдээлэл өгч, энэ хүрээнд тодорхой хяналт, шалгалтын ажил болоод, энд дурдагдсан асуудлуудыг шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсголоор тодруулах болно гэлээ.