ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 14 аймгийн 111 суманд төмөр болон цагаархуу зудтай байгаа. Энэ газруудад өвс тэжээл, гурил будааны дэмжлэг үзүүлэхээр болов. Эхний ээлжид ХХААХҮЯ-ны дэргэд тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг малчдад хоёрдугаар ээлжийн дэмжлэг болгож үнэ төлбөргүй хүргэж өгнө. Тодруулбал, төмөр зудтай сум тус бүрд 150 тонн тэжээлийн будаа, цагаархуу зудтай сум тус бүрд 75 тонн тэжээлийн будаа өгөхөөр шийдвэрлэлээ. Дунджаар нэг айлд 250 орчим килограмм будаа буюу 50 килограммын таван шуудай тэжээлийг хүргэж өгөхөөр байгаа. Мөн малчдад хоол хүнсний тусламж хүргэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Улсын нөөцөөс 5 тэрбум төгрөг гаргах бөгөөд 111 сумын 117 мянган малчин өрх бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа өгнө.