Төрсний дараах сэтгэлзүйн хямрал буюу Baby blue гэж юу вэ?
Төрсний дараах сэтгэлзүйн хямрал анхлан төрж буй эмэгтэйчүүдэд илүүтэйгээр илэрдэг бөгөөд нийт төрсөн эмэгтэйчүүдийн 70-80 хувьд нь тохиолддог байна. Энэ хямрал нь төрсний дараах эхний өдрөөс эхлэн 2 долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг. Сэтгэл зүйн хямрал нь ихэвчлэн төрсний дараах 4-5 өдрийн дараа эхлэх боловч хүндрэлтэй төрсөн эхчүүдэд эрт илэрч болно. Сэтгэлзүйн хямрал нь 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл энэ нь төрсний дараах сэтгэл гутралын эхлэл байж болох юм.
Жирэмсэн байх хугацаанд цусанд эм бэлгийн даавар буюу эстроген, прогестрон байнга өндөр хэмжээнд байдаг ба төрсний дараа дааврын хэмжээ гэнэт буурснаас сэтгэлзүйд дараах өөрчлөлтүүд гарч болдог. Дааврын зохицуулга нь 7-14 хоногт хэвийн байдалдаа буцаж ордог тул сэтгэлзүйн хямрал нь эмгүйгээр засагддаг байна.
Шинж тэмдгүүд:
- Шалтгаангүйгээр уйламхай болох
- Тэвчээргүй байх
- Уур уцаартай болох
- Сэтгэл түгших
- Тайван бус болох
- Уйтгар гунигт автах
- Сэтгэл санаа тогтворгүй
- Анхаарал төвлөрөлт буурах
Зөвлөгөө:
- Төрөх үед эмэгтэй хүн олон цагаар өвдөж, маш их эцэж туйлддаг. Иймээс маш сайн амрах, нойроо хангалттай сайн авах,
- Илчлэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэн алдагдсан энерги хүч тэнхээгээ олж авах,
- Төрсний дараах хугацаанд нөхөр, гэр бүлийнхний тусламж, дэмжлэг хамгийн чухал байдаг. Ялангуяа анхлан төрж байгаа ээжүүдэд хүүхэд асрах туршлагагүй байдаг учир гэрийн ажил, хүүхэд салхилуулах, усанд оруулах, төрсөн ээжийг хангалттай унтуулахад тусламж хэрэгтэй болох нь ойлгомжтой.
- Дотны найзуудтайгаа үргэлж холбоотой байж, сэтгэл санааны байдлаа хуваалцан ярилцах нь хамгийн эхний алхам гэдгий бүү мартаарай. Ингэж чадвал төрсний дараах сэтгэлзүйн хямралыг хялбархан даваад гарах болно.
- Хэрэв та төрсний дараах сэтгэлзүйн асуудлаа бие даан шийдвэрлэж чадахгүй байвал мэргэжлийн сэтгэцийн эмчид хандан зөвлөгөө аваарай.