2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, тийзийн үнийг бууруулах бодлого хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд МИАТ ТӨХК компани анх удаа хуурай түрээсээр түрээсэлсэн, орон нутагт хамгийн тохиромжтой загвар бүхий 70 хүний суудалтай CRJ-700 агаарын хөлгийг хүлээн авч, өнөөдөр Улаанбаатар-Ховд чиглэлд OM031 аяллын дугаартай анхны нислэгээ амжилттай үйлдлээ.
СУУДЛЫН ТОО НЭМЭГДСЭНЭЭР ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗИЙН ҮНЭ НЭГ ТАЛДАА 360.000-400.000₮ БОЛЖ ХЯМДРАХ БОЛОЛЦООТОЙ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Баярцогт хэлсэн үгэндээ, МУ-ын Засгийн газраас агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэг өмнөх онтой харьцуулахад 2023 онд 3.5 дахин өссөн. Нислэгийн давтамж чиглэлийн тоо, зорчигчдын урсгал мөн нэмэгдсэн.
МИАТ ТӨХК нь 2009 оноос хойш 15 жилийн хугацаанд орон нутагт нислэггүй байсан бол өнгөрсөн оны 7 дугаар сарын 1-ээс орон нутгийн 8 чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэлсэн. Ингэснээр тийзийн үнэ УБ-Ховд чиглэлд нэг талдаа 900.000₮ байсан бол 7 сарын 1-ээс нэг талдаа 450.000 болж 2-2,5 дахин хямдарсан.
Тэгвэл "CRJ-700" агаарын хөлөг нь орон нутгийн чиглэлийн нислэгт хамгийн тохиромжтой, хол зайд нисэх боломжтой, давтамж, суудал нь нэмэгдсэн зэрэг давуу талтай юм. Уг хөлгөөр нислэг үйлдэж эхэлснээр баруун таван аймагт тийзийн үнийг одоо байгаа үнээс хямдруулах боломжтой болж байна. Тухайлбал, нэг талдаа 450.000₮-өөр нисдэг байсан бол одоо 360.000-400.000 төгрөгөөр нисэх бололцоотой болж байна. Завхан руу нэг талдаа 280.000-320.000 төгрөгөөр болно" гэлээ.
"МАЗААЛАЙ CRJ-700" АГААРЫН ХӨЛӨГ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛСНЭЭР НИСЛЭГИЙН ДАВТАМЖИЙН ТОО НЭМЭГДЭНЭ
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: Өнөөдрийн байдлаар МИАТ компанийн хувьд нойтон түрээстэйгээ нийлээд CRJ-700 агаарын хөлөг нь 10 дахь онгоц болж байна. 2021 онд таван онгоцтой үйл ажиллагаа явуулж байсан бол энэ жил 10 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Орон нутгийн нислэг 2009 оноос хойш зогссон байсанг 2023 оны 7 дугаар сард сэргээсэн бөгөөд БНӨАУ-ын нойтон түрээсийн онгоцоор үйл ажиллагаа явуулж байсан юм. Харин одоо хуурай түрээсийн онгоцоор өөрийн нисгэгч, үйлчлэгч, багтайгаар анхны нислэгээ хийж байгаадаа баяртай байна.
2024 онд бид 90 мянган зорчигч орон нутагт тээвэрлэнэ. 7 хоногт тухайн аймаг бүрд онцлогоос нь шалтгаалж 2-5 удаагийн нислэг хийнэ.
Зуны улирал, аялал жуулчлалын ид ачааллын үеэр Өмнөговь аймгийн Даланзадгад руу 7 хоногт 5 удаа, Мөрөн, Өлгий, Ховд зэрэг бусад чиглэлд нислэгийн тоогоо мөн нэмэгдүүлэн ажиллах болно.Бусад улиралд 7 хоногт 1-3 удаа тогтмол нислэг үргэлжлээд явна.
Орон нутгийн зорчигчийн урсгал тогвортой болсноор нислэгийн бизнесийн үйл ажиллагаа явуулж, ашигтай ажиллах боломж бүрддэг гэдэг утгаараа бид орон нутгийн нислэгийг сэргээсэн билээ. Жуулчид тогтмол нисдэг болсон цагт хувийн хэвшлийн компаниуд нээлттэй өрсөлдөх боломж бүрдэнэ" гэв.
CRJ-700 агаарын хөлөг нь 1 цаг тутамд 100 кг түлш хэмнэх ба CRJ-200-тай харьцуулахад илүү урт зайтай тул түлш цэнэглэх шаардлагагүй хол зайд нисч чадна.
Уг агаарын хөлгийг авиа компаниуд бүс нутгийн нислэгт илүү ашигладаг бөгөөд өргөн бүхээгийг зохион байгуулалттай тул зорчигчид хөлийн зай, өргөн суудал, дээд талын хадгалах зайг сайжруулсан.
Мөн дэвшилтэд аэродинамик шинж чанар, далавчтай тул түлшний зарцуулалтыг бууруулж, хурдыг нэмэгдүүлсэн. Бүхээгийн орчин үеийн багаж хэрэгсэл, дижитал нислэгийн удирдлага, сайжруулсан навигацийн чадварууд бүхий дэвшилтэд системтэй.
Ийнхүү "Мазаалай" CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Улаанбаатар-Ховд чиглэлт амжилттай үйлдлээ. Туулах тэнгэр нь цэлмэг, тухлах зорчигч нь амгалан, буулт нь зөөлөн байг.