Эдийн засагч Ц.Таванчулуутай улсын төсөв болон өнгөрсөн найман жилийн үеийн Монгол Улсын эдийн засгийн талаар ярилцлаа. Тэрээр санхүүгийн аудит, нягтлан бодогч, татварын цагдаагаар ажиллаж байсан юм.
-Хоёулаа үндсэн сэдэв рүүгээ оръё. Эдийн засагч мэргэжилтэй хүний нь хувьд улсын төсөв дээр ямар бодолтой явдаг вэ. Тэр тусмаа төлбөрийн тэнцэл сүүлийн 15 жил алдагдалтай байлаа. Үүнд төр засгийн шийдвэр нөлөөтэй байв уу?
-Өнгөрсөн хугацаанд Монгол Улс төсөв, мөнгөний бодлогогүй явж ирлээ. Төсөв томрох дутам хувийн хэвшил хумигдаж байна. Өнгөрсөн жил нүүсний экспортоос шалтгаалж эдийн өссөн боловч өрөөр санхүүжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтад суурилсан эдийн засгийн бодит өсөлтгүй байна. Засгийн газрын өр 2015 онд 15 их наяд байсан бол 2024 онд 35 их наяд төгрөгт хүрнэ. Өрийн төлбөрт өдөрт хоёр цэцэрлэг барих мөнгө зарцуулж байна. Монголын эдийн засаг уул уурхайгаас хараат голланд өвчинд нэрвэгдсэн. Ойрын үед дефолт зарлах өндөр магадлалтай байна. Эдийн засагч хүний хувьд Монгол банк, Статистикийн газрын тоон мэдээллийг тогтол харж дүгнэлт хийж, санаа зовж л явна.
-Сүүлийн найман жилд улсын гадаад өр, иргэдийн өр, ААНБ-ын өр зээл туйлдлаа гэж эдийн засагчид хэлдэг. Та үүнтэй санал нэгддэг үү?
-АН-аас өрийн дарамтгүй Монгол аяныг улс орон даяар хийж, иргэдийнхээ үзэл бодлыг сонслоо. Үнэхээр өрнөөс өрний хооронд амьдарч байна. Сүүлийн найман жилд болсон эдийн засгийн үзүүлэлтүүдийг дүгнэвэл эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдлээ. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбараас хэт хамааралтай, иймээс дэлхийн зах зээлийн түүхий эдийн үнийн хэлбэлзэл эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгож байна. Хоёрдугаарт, мөнгө хэвлэлт нэмэгдлээ. Үр дүнд нь гурван жил дараалан инфляц өссөн. Инфляцыг дэлхий дахинд “төрийн үл үзэгдэх татвар” гэдэг. Төрийн буруу бодлогын үр дүнг инфляцаар хэмждэг. Гуравдугаарт, гадаад өр нэмэгдлээ. 3.4 сая хүнтэй манай улсын ДНБ ердөө 15 тэрбум ам.доллар хэр нь нийт өр 34 тэрбум ам.доллар давлаа. Өнөөгийн эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож байсан бол өдгөө 33 сая төгрөг хол давлаа. Өнөөгийн эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож байсан бол өдгөө 33 сая төгрөг хол давлаа.
Монгол улсын Засгийн газрын өр ДНБ-ий 92 хувьд хүрснийг Дэлхийн банк анхааруулсан. Үр дүнд бонд нэмэгдлээ. Аж ахуйн нэгжийн өр нэмэгдлээ. Иргэдийн өр ч ялгаагүй нэмэгдсэн. 2023 оны 2-р улирлын байдлаар иргэдийн арилжааны банкнаас авсан өрийн хэмжээ 12 их наяд төгрөг байсан бол энэ оны 2-р улирлын байдлаар 16.6 их наяд төгрөг болсон байна. Дөрөвдүгээрт, төсвийн хямрал нэмэгдсэн. МАН сөрөг хүчин байхдаа “олон төсөвтэй байж болохгүй” гэж ам нээх бүрдээ шүүмжилж ирсэн. Өнөөдөр Монгол улсын төсөвтэй зэрэгцэн Монголбанк, Хөгжлийн банк, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс Сильвэр Ресурс гэх мэт төрийн өмчит компаниуд төсвийн шинж чанартай санхүүжүүжилтыг тоолбол бие даасан арав гаруй “төсөв”-тэй болсон. Төсвийн хажуугаар 5, 10 их наядын хөтөлбөр, одоо ХАА-д таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ийнхүү “Төсвийн иж бүрэн байдлын зарчим” бүрэн алдагджээ. Төсвийн бодлогын зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлж инфляцыг хязгаарлахад чиглэх ёстой. Гэвч 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 оных 3.7 их наяд төгрөгт хүрч, 2022 онд 2.4 их наяд төгрөг хүрчээ. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх “шийдвэр” гаргасан. Энэ нь үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах зэрэг олон муу үр дагавар дагуулж байна. Тавдугаарт, ам.долларын ханш нэмэгдсэн. 2016 оны 6 сарын 30-нд ам.долларын албан ханш 1,920 төгрөг байсан бол 2024 оны 4 сарын 1-ний байдлаар 3,375 байна. Зургаадугаарт, Ядуу иргэдийн тоо ч мөн нэмэгдсэнээр гадаад зорих монгол иргэдийн тоо ч өссөн. Долоодугаарт, авлига нэмэгдлээ.Авлигын индексээрээ 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121-т эрэмбэлэгдэж байна.
-Энэ жил улсын төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Ахиад ч малчдын зээл, шинэ хоршоо зэрэгт төсөвт суулгаагүй мөнгө зарцуулахаар байна. Энэ нь төсөвт ямар дарамтыг авчрах вэ?
-Сонгуулийн жилд манай төсөв маш замбараагүй байдаг. Энэ жил шууд харагдаж байна. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь, ахмадуудын тэтгэврийг 100 мянгаар нэмлээ. Хоёр сегментэд мөнгө тараалаа. Мөн хөдөө аж ахуйн таван их наяд төгрөгийн зээл төсөвт тусаагүй байхад гаргалаа. Энэ бол улс орны эдийн засгийг сүйрүүлэх бодлого. Төрийн 225 мянган албан хаагч, тэтгэврийн 500 мянган ахмад, 300 мянган малчид гээд нэг сая хүнд мөнгө тараалаа. Энэ нь улс орны эдийн засгаа бодоогүй, санал авах зорилготой л үйлдэл. Энэ санал авахдаа татвар төлөгчдийнхөө мөнгийг үгүй хийж, улс орныхоо эдийн засгийг хямрааж үгүй хийж, явуулна гэдэг нь үнэхээр байж болохгүй асуудал. Энэ кэйс өмнө нь 2011 онд тохиолдсон. Тэр үед Монгол Улс 2.8 сая иргэнтэй байсан нэг иргэнд 500 мянган төгрөг бэлнээр өгч, нийтдээ нэг тэрбум ам.доллар тараасан. Үндсэндээ 1.5 сая төгрөг өгнө гээд амлачихсан байсан улсууд чинь үлдсэн нэг сая төгрөгөө олгохын тулд 1072 хувьцааг санаачилсан. Гурван тэрбум төгрөгийг гаргахдаа Чалкогоос 350 сая ам.долларыг түрүүлж аваад, хямдхан нүүрс өгнө гэж тохиролцсон. Үүнийг зургаа, долоо жилийн өмнө л төлж дууссан байх. Энэ мэтээр улс орноо самарч байна. Мөн Евро нэртэй 600 сая долларын бонд босгосон. Одоо тус бонд нэрээ сольсон ч өр нь төлөгдөөгүй явж байна. Хий их мөнгө цацаж тараах бол ийм аюултай байдаг. Гурван секторт ийнхүү мөнгө тарааж байгаа учраас Монгол Улсын эдийн засаг ирэх 9, 10-р сард туйлын хүндэрч эхэлнэ. Төсөвтөө байхгүй таван их наяд төгрөгийг янз бүрийн байдлаар тараах гэж байна. Зээл авах нь байна. Дээр нь манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Зэс нүүрснээс гол хамааралтай. Гол борлуулалт хийдэг салбар шүү дээ. Гэтэл одоо БНХАУ-ын эдийн засаг саараад эхэлсэн. Өнгөрсөн жилийн 70 сая тонн нүүрсний экспортод хүрэхгүй байх. Тэгэхээр 10, 11 сараас төсөвт тодотгол хийнэ. Төсөв туйлын хүндэрнэ. Цацсан мөнгө нь инфляцыг хөөрөгдөнө. Цалин тэтгэвэрт нэмэгдэхэд хоёр улирлын дараагаас буюу зургаан сарын дараагаас инфляцад нөлөө үзүүлж эхэлдэг. Тэгэхээр хоёр улирлын дараагаас юмны үнэ нэмэгдэнэ. Амьдрал хүнд болно. Төсөв мөнгө хүрэлцэхгүй болно. Энэ зөвхөн АН-ын гишүүний хувьд шүүмжлэлтэй хандаж байгаадаа биш эдийн засагч хүний хувьд хийж байгаа дүгнэлт юм шүү.
-Сонгуулийн дараа улсын төсөв ямар хэмжээнд хүрнэ гэж бодож байна вэ?
-Дээрх хямралт нөхцөл байдлыг дүгнэж үзвэл ойрын жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал нэн хүндрэх төлөв харагдаж байна. Засгийн газар үүсээд байгаа гадаад болон дотоод нөхцөл байдлаа бодитоор тодорхойлж, үүсээд буй хүндрэлээс гарах бодит зорилго, зорилт тавих цаг ирсэн. Ийнхүү төсөв, санхүүгийн үрэлгэн, тооцоо судалгаагүй байдал, гадаад өрийн хэмжээ нэмэгдэх явц цаашид үргэлжлэх нь улс орны аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахаар байна. Ингээд тоо харж, бодоод, үнэлэлт дүгнэлт хийхээр сүүлийн найман жилийн алдааг яаралтай засах ёстой гэж хардаг.