Улаанбаатар хотын зургаадугаар сарын олон жилийн дундаж температур+12-оос +16 хэм бол хур тунадасны олон жилийн дундаж 40-60 мм байдаг. Харин долоодугаар сард хур тунадасны олон жилийн дундаж 50-80 мм байдаг. Энэ жилийн хур тунадасны долоодугаар сарын олон жилийн дундаж ахиу байх төлөвтэй байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж төв болон зүүн аймгуудад орох төлөвтэй байгааг холбогдох албаныхан хэлж байна.
НИТХ-аар нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, засварын ажлыг шуурхай зохион байгуулж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо.
Энэ үеэр НОК-ийн дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах чиг үүрэг бүхий НОК-ийн шуурхай штаб байгуулж, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах;
- Үерийн ус буудаг жалга сайр, гол горхины урсац хаасан, голдирол өөрчилж барилга барьсан зөрчлийг яаралтай арилгуулах;
- Сэлбэ, Дунд голын лаг хагшаас цэвэрлэж, усны урсцыг сайжруулах;
- Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүн шилжүүлэх зэрэг үүрэг өгсөн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС