“Үндэсний Эвсэл”-ийн Сонгуулийн сурталчилгааны нээлт хуулийн дагуу өнөөдөр боллоо. Нээлтэд “Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон гишүүд, дэмжигчид оролцлоо. Эвслийн зүгээс “1 улс төрч, 1000 мянган мэргэжилтэн” зарчмынхаа хүрээнд салбар бүрийн төлөөлөл болсон 70 нэр дэвшигчийг дэвшүүлж буй юм. Тус үйл ажиллагааны үеэр “Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшигчид иргэд, дэмжигчидтэй хариуцлагын гэрээ байгууллаа. Энэхүү гэрээн дээр үндэслэж “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн нэр дэвшигчдэд батламж гардуулсан юм.
Сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагааг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр нээж, үг хэллээ. Тэрээр “Үндэсний Эвсэл”-ийнхэн элэг нэгт монголчуудынхаа адил намчдаас Монгол төрөө эрх зүйн болон эдийн засгийн зөв аргаар салгаж эрүүлжүүлэх, эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоох улс төрийн хувьсгалыг эхлүүлж байна. Тиймийн тулд бид хүсэл зориг нэгт Монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улиг болсон улс төрийн намуудын чадахгүйг чадна хэмээн итгэл төгсөрч, зориг шулуудан төр нийгмийн түүхэн зүтгэлтэн Солийн Данзангийн санаачилсан, 100 жилийн турш Оросын нөлөөллөөс болж дарагдсан Үндэсний ардчилсан үзлийг дахин сэргээж, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя уриа дор Үндэсний Эвсэлийг үүсгэн байгуулсан билээ.
Үндэсний эвсэл төрөө намчдаас салгаж, улсын төсөв, төрийн алба, хууль эрхзүйн орчноо чөлөөлж, иргэдээ хөл хөсөр гар газар, хувийн хэвшлээ хөрөнгөтэй, орлоготой болгон хөгжүүлэх чин эрмэлзэлтэй” гээд Үндэсний Эвсэлийн нэр дэвшигчдийг дэмжихийг уриаллаа.