УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагаас 2025 оны төсвийн төсөл, Төсвийн хүрээний мэдэгдлийн талаар тодрууллаа.
-Та 2025 оны төсөвт нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Ямар учраас тэр вэ?
Энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр Төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцүүлж батлахдаа Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 31.3 их наяд төгрөг байхаар баталжээ. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт зарлага нь 31.3 их наядаас хэтрэхгүй шүү гээд хуульчилчихсан. Сангийн яам энэ хүрээнд 2025 оны төсвийг оруулж ирэх ёстой. Гэтэл 35.7 их наяд төгрөг болгож, дөрвөн их наядаар нэмэгдүүлж оруулж ирж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл бол 2-3 жилдээ хөдлөхгүй байх ёстой чухал бодлогын баримт бичиг. 2-3-хан сар болоод л дураараа өөрчлөөд байж болдог “зарлагын баримт” биш шүү дээ. Өнгөрсөн жилийн төсөв дээр ч ийм үзэгдэл гарсан. 2023 онд 22.9 их наяд байхаар баталсан зарлага нь тодотголоор 30.4 хувь болж өссөн байсан. Засгийн газар ингэж зардлаа дураараа хяналтгүй өсгөж байгаад эдийн засагч хүний хувьд, хувийн хэвшлийн төлөөллийн хувьд сэтгэл дундуур байна.
-Энэ замбараагүй байдлыг хэрхэн зогсоох вэ?
УИХ-аас Сангийн яаманд тавих хяналтаа чангатгах ёстой. Ямар ч бодлого байхгүй. Нэг л их савласан, их наяд их наядаар нь зарлагаа нэмэгдүүлсэн хүмүүс л байх юм. Бодит байдал дээр иргэдийн амьдрал сайжраад байгаа юм алга. Нэг л том төсөв баталж, том төсөл ярьж хөөсөрсөн л улс боллоо. Одоо хөрсөндөө бууж эдийн засгаа эрүүлжүүлж, хүндээ хүрсэн бодитой ажлууд хийх хэрэгтэй байна.
-Энэ жил 70 орчим сая тонн нүүрс олборлох бол ирэх онд 80 сая тонн нүүрс олборлохоор төсөвт тусгасан байна лээ. Энэ нь Засгийн газарт зарлагаа нэмэгдүүлэх бололцоо олгосон юм болов уу?
Манай улсын экспортоос олж байгаа 10 доллар тутмын зургаа нь нүүрсний экспортоос орж ирдэг. Өөрөөр хэлбэл, төсөв бүрдүүлдэг гол стратегийн бүтээгдэхүүн. 2025 оны төсөвт 83.3 сая тонн нүүрс олборлож, 129 доллараар зарна гэж тооцоолсон байна лээ. Сангийн сайд танилцуулахдаа бүр 105 доллараар зарахаар төсөөлсөн гэж байсан. Гэтэл урд хөршийн гангийн үйлдвэрлэл жил ирэх тусам буурч, үүнийг дагаад коксжих нүүрсний эрэлт, үнэ буурсаар л байгаа. Энэ жил нүүрсний экспорт, тээвэр хэд хэдэн удаа зогсонги байдалд орж төсвийн орлого бүрдүүлэлтэд эрсдэл учирсан шүү дээ. Хэрэв нүүрсний экспортод сорил тулгарах юм бол энэ бүх төсөл, данс тооцоо, зарлага хоосон цаас болж хувирна.
-Таны бодлоор энэ байдлыг хэрхэн засч залруулах вэ?
Нэгдүгээрт, газрын баялгаас олсон бүх мөнгөө зах зээл рүү нийлүүлэхээ зогсоох ёстой. Манайх сүүлийн 10 жил, миний тооцоолсноор 73 тэрбум долларын экспорт, үүнээс хамгийн сүүлд 2023 онд 15 тэрбум долларын экспорт хийсэн. Энэ бүх мөнгөө төсвөөр дамжуулаад зах зээл рүүгээ цутгачихсан. Бусад улсуудыг харахаар байгалийн баялгаас олсон бүх мөнгөө зах зээл рүүгээ оруулдаггүй. Жишээ нь Норвеги улс байгалийн баялгаас олсон нийт орлогынхоо маш бага хувь буюу 2-3 хувийг л оруулдаг. Ингэснээр үнийн өсөлт, инфляцыг зохист хэмжээнд барьж чаддаг. Манайх Баялгийн сан гэж байгуулж байгаад бүх мөнгөө зах зээл рүү, тэр дундаа байшин барилга руу оруулах гэж байгаа нь эрсдэлтэй. Тухайлбал, 2025 оны төсөвт Хөгжлийн сангаас 500 тэрбумыг орон сууц барихад зориулна гэнэ. Дараа нь АМНАТ-ын зургаан их наяд, Уул уурхайн аж ахуйн нэгжийн орлогоос, татвараас өчнөөн мөнгө цутгахаар төсөвлөсөн харагдана лээ. Энэ нь тэртээ тэргүй их хөөсрөлттэй явж байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг улам хөөсрүүлэх нь тодорхой. Ингэж бүгдийг нь зах зээл рүү цутгавал инфляци хэт өснө шүү. Дор хаяж 20 хувийг нь хуримтлал болгож авч үлдээд Норвегийн тэтгэврийн сан шиг ашигтай төслүүдэд хөрөнгө оруулж арвижуулах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед цалин тэтгэвэр нэмэгдээд байгаа ч амьдрал дээшлэхгүй юмны үнэ өндөр байна гээд иргэд гомдоллоод байгаа нь ердөө л энэ буруу бодлоготой холбоотой. Энэ бодлогоо засч залруулах нь бүү хэл улам их мөнгө эдийн засаг руу цутгахаар төлөвлөж байгаа нь эдийн засгаа нураах бодлого шүү. Өнгөрсөн жил Монгол банкны тэргүүн дэд ерөнхйилөгч Энхтайван “буруу бодлого явуулснаар инфляциар дамжуулж дөрвөн их наяд төгрөгийг бид алдсан” гэж мэдэгдсэн шүү дээ. Энэ чинь нэг өрхөд дор хаяж дөрвөн сая төгрөгийн дарамт нэмж байна шүү дээ. Үүнийг л хэлээд байгаа юм. Өнгөрсөн онд бид үнийн өсөлтөөс шалтгаалж 4 их наядыг алдахдаа 30 их наядын төсөв зарцуулсан. Энэ жил 35 их наядыг зарцуулж байгаа бол хэдэн их наядыг салхинд хийсгэх бол…