НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан тогтоолын дагуу өнөөдрөөс эхлэн иргэд нийтийн тээвэрт 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм.
Ингэхдээ Улаанбаатар смарт карт болон арилжааны бүх банкны карт унших төхөөрөмж ажиллана. Түүнчлэн удахгүй Qpay, socialpay зэрэг цахим төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал ярихдаа, “2021 оны судалгаагаар нэг зорчигчийг тээвэрлэх бодит зардал нь 1300 төгрөг гэж гарсан. Тиймээс нийтийн тээврийн алдагдлын зардлын зөрүүг ойртуулах үүднээс уг шийдвэрийг хэрэгжүүлнэ. Өмнө нь 30 минутын дотор дамжин суухад үнэ төлбөргүй байсан. Шинэ журмаар 06:00-23:00 цаг хүртэл буюу автобусны зориулалтын картаар эхний удаагийн 1000 төгрөгөө төлсөн бол өдөрт дөрвөн удаа үнэгүй зорчино. Харин арилжааны банкны картаар төлбөрөө төлөхөд энэ үйлчилгээ үйлчлэхгүй” гэсэн юм.