Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: "1XBET-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй “зөвшөөрөлгүй” цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа" гэж өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.
Цахим мөрийтэй тоглоомонд залуус донтох болсон нь санаа зовоосон асуудал болоод буй. Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагддаг. Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм.