“Эрдмийн далай” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оороо Удирдлагын академийн Аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын багийн профессор, доктор, дэд профессор, хурандаа Г.Лхагвамааг урьж ярилцлаа. Дунд сургуулийн сурагч байхаасаа цагдаагийн байгууллагад ажиллана, хэргийн газар ажилладаг шинжээч болно гэсэн мөрөөдөлтэй байж, хувь заяаны тойргийг туулсаар өнөөдрийг бүтээсэн тухай ярилцлаа.
1990 онд 10 дугаар ангиа төгсөөд тухайн үеийн анагаах ухааны дунд сургууль төгсөөд сувилагч, бага эмчээр эрүүл мэндийн салбарт гурван жил ажиллахдаа дээд боловсрол эзэмшиж, мөрөөдөлдөө хүрнэ гэсэн хүсэл мөрөөдөлдөө үнэнч явсаар нэг л өдөр радиогоор “Цагдаагийн сургуулийн эрх зүйн ангид элсэлт авна” гэсэн зар сонсжээ. Хүүхэд байхдаа сонины хуудаснаас гэмт хэргийг илрүүлэх, гэмт үйлдэл эхлэхээс төгсөх хүртэл криминалистик текник дээр ажилладаг шинжээчийн талаар уншиж, тийм мундаг хүн болно гэсэн мөрөөдөл нь энэ сургуульд элсчихвэл биелэх юм шиг бодол зурсхийсэн гэдэг. Ингээд зарын дагуу очиж бүртгүүлэн, шалгалт өгье гэж шийдсэн маань миний амьдралыг өөрчилсөн дөө гэж даруухан ярьлаа. Ингээд хурандаа Г.Лхагвамаатай ярилцсан товч ярилцлагаа хүргэе.
Амрыг эрье. Хурандаа. Таны намтрыг уншихад төрөлх их сургуульдаа багшилж байгаа докторуудын нэг юм байна. Их сургуулийнхаа алтан босгыг алхан орж байсан сайхан түүхээр хоёулаа яриагаа эхлэе.
Амрыг эрье. Хүний амьдрал баялаг. 1990 онд 10 жилийн 21 сургуулийг хими-биологийн төрөлжсөн сургалттай ангид суралцаж, төгссөн. Тэр үед их, дээд сургуульд шалгалт өгөөд элсэлтийн оноо хүрээгүй бол онооны дарааллаар техникумаас сонгон суралцдаг тогтолцоо өөрчлөгдсөн үе байлаа. Ээж, аавийнхаа зөвлөснөөр тухайн үеийн Анагаахын дунд сургуулийг сонгон суралцаж, хүүхдийн сувилагч, хүмүүжүүлэгч мэргэжлээрээ төгсөөд гурван жил сувилагч, амбулаторын бага эмчээр ажиллахдаа дээд боловсрол эзэмших, хүсэл мөрөөдөлдөө үнэнч явсан. Нэг өдөр радиогоор “Цагдаагийн дээд сургуулийн “Эрх зүйн ангид элсэлт авна” гэсэн зар сонссон юм. Хүүхэд байхдаа сонины хуудаснаас гэмт хэргийг шуурхай илрүүлсэн шинжээчийн талаар уншиж, тийм мундаг хүн болно гэсэн мөрөөдөл маань энэ сургуульд элсчихвэл биелэх юм шиг бодол зурсхийсэн санагдана. Ингээд зарын дагуу бүртгүүлэн, шалгалт өгье гэж шийдсэн юм. Уйгагүй бэлтгэж, тэнцээд дөрвөн жил суралцаж 1999 онд төгссөн. Манай ангиас Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Н.Орчлон, Герман улсад хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан С.Үржин бид гурав сургуулиа онц төгссөн түүхтэй. Эргэн дурсахад сайхан байна.
Сургуулиа төгсөөд хаана томилогдон ажилласан бэ?
Манай ангийн Н.Орчлон, С.Үржин, бид 3-ыг цагдаагийн байгууллагад томилж, тэр хоёр маань дэслэгч цолтойгоор ажилласан. Би сургуульдаа багшлах хүсэлтэй, зарим багш нар маань ч багшил гэж зөвлөж байсан хэдий ч тухайн үед Америк явах виз гарч, 2000-2002 онд англи хэл сурахаар зорьсон. 2002 онд Монголдоо ирээд удаагүй байхдаа сониноос “Хилийн цэргийн дээд сургуулийн хуулийн тэнхимд багш ажилд авна” гэсэн зар байхыг уншсан юм.
Энэ ажилд шалгуулахааар ирэхэд доктор Л.Батжав багш Эрх зүйн тэнхимийн эрхлэгч нь байсан юм. Тухайн сонгон шалгаруулалтад олон залуу багш нарын хамт орж, тэнцээд 08 дугаар сарын 31-ний өдөр Захирлын зөвлөлийн хурлаар багшаар томилогдсон. Тэд маань одоо ч ЭЗНУС болон бусад бүрэлдэхүүн сургуульд багшилж байна.
Ийнхүү 2002 оны 09 дүгээр сарын 01- нээс “Эрх зүйн онол” буюу хууль зүйн шинжлэх ухааны цагаан толгой гэгддэг хичээлийг заасан нь миний багш болох хүсэл мөрөөдлөө биелүүлэх анхны алхам болж өгсөн юм. Ингээд дөрвөн жил багшаар ажиллаад, 2006 онд Эрх зүйн тэнхимийнхээ эрхлэгчээр томилогдон офицерийн бүрэлдэхүүнд орж, дэслэгч цол мөрдэс зүүсэн дээ. Цэргийн сургууль хэдий ч эрх зүйн тэнхимийн багшлах бүрэлдэхүүний 4 нь офицерын орон тоонд ажилладаг байсан. Би багшлахын тулд энгийнээр ажиллаж байгаадаа ч сэтгэл хангалуун байсан. Тэнхимийн эрхлэгч, Иргэний боловсролын факультетийн деканаар томилогдон ажилласан ч хичээл заах багшийнхаа ажлыг завсардуулаагүй юм. Энэ нь багшийн ажилдаа илүү дуртай хайртайн шинж юм уу даа.
Та Солонгосын Кёонгги их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Энэ сургуульд зэрэг хамгаалах болсон тухайгаа ярина уу ?
2011 онд Засгийн газрын тогтоол гарч, Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн дээд сургууль, Тагнуулын академи нэгтгэн Дотоод хэргийн их сургууль байгуулагдсан юм. Их сургуулийн статустай болсон нь Их сургуулийн маань эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын үйл ажиллагаа өргөжихийн хирээр гадаад харилцаа хамтын ажиллагаа бэхжиж, хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд профессор багш, сонсогч суралцагч солилцох хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь бидэнд их боломж олгосон.
Ингээд багшлах бүрэлдэхүүнийг хоёр үе шаттай шалгаруулж, одоо Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр ажиллаж байгаа доктор Б.Энхболд бид хоёр шалгуур, шаардлагуудыг давж, Б.Энхболд БНСУ-сын Кёнгги их сургуулийн криминологийн тэнхимд, би Аюулгүй байдал, хамгаалалтын тэнхимд докторын хөтөлбөрт суралцах болсон. Энэ бол бидний хувьд маш том боломж байсан. Бид гурван жил амжилттай суралцаж, докторын зэргээ хамгаалж, ирээд сургуульдаа ажилласан даа. Энэ дашрамд сургуулийнхаа удирдлагад баярлаж, талархаж явдагаа илэрхийлье.
Гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлага гарсан байх. Энэ шалгуурыг хэрхэн давсан бэ?
Гадаад улсад докторын хөтөлбөрт хамрагдахад үндсэн мэргэжлийн мэдлэгээс гадна гадаад хэлний түвшин өндөр байх ёстой. Гэрээний дагуу гурван жил суралцахдаа англи хэл дээр хичээлээ судалж, судалгааны ажлаа бичсэн.
Хамгийн нэгдүгээрт гадаад хэлний олон улсын шалгалтын оноо авсан байх шаардлагатай байсан. Кёнгги их сургуулийн ахисан түвшний боловсролын сургуулийн хөтөлбөрт суралцагч магистрантын хувьд TOIEC-ийн 600 оноо, докторантын хувьд TOIEC шалгалтын 700-аас доошгүй оноотой байж, англи хэлний сургалтын багц цагаа бүрдүүлэх ёстой. Миний хувьд 4-5 удаа шалгалт өгч 745 оноо авснаар үндсэн шалгуураа хангаж байлаа. Улмаар иж бүрэн шалгалтуудаа ч амжилттай өгч, судалгааны ажлаа бичих эрхээ авч байлаа.
“Монгол Улсын хувийн аюулгүй байдлын салбарын хөгжил:Эрх зүйн зохицуулалт ба өнөөгийн байдал” сэдвээр докторын ажлаа бичиж хамгаалсан. Гадаад хэлээр энэ чиглэлээр судалгаа хийнэ гэдэг үнэхээр амаргүй ажил байсан. Монголдоо багшилж байхдаа эрх зүйн хичээл зааж байсан тул судалгааны сэдвээ тухайн салбарын эрх зүйн зохицуулалтыг хөндөх талаар удирдагч багшдаа хэлж, энэ судалгааны ажлаа эхлүүлсэн дээ. Хугацаандаа амжилттай хамгаалахын тулд хичээсний үр дүнд 2016 онд амжилттай хамгаалсан.
Удирдлагын академид ажиллах, агентлаг байгууллагуудын анхан, дунд түвшний удирдах бүрэлдэхүүнд хичээл заана гэдэг багш хүнээс ахисан түвшний мэдлэг, мэргэжил шаардсан амаргүй ажил болов уу?
Докторын зэргээ амжилттай хамгаалаад ирэхэд Их сургуулийн удирдлагууд маань маш сайхан хүлээж авч, Их сургуулийнхаа ахисан шатны боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь зүйтэй гэдгийг онцолж, намайг Удирдлагын академийн Аюулгүй байдлын удирдлагын стратегийн багийн ахлах багшаар томилсон. Би өмнө нь бакалаврын түвшинд хичээл зааж байсан тул Удирдлагын академид багшилна гэдэг шинэ алхам байсан. Үүнийгээ дагаад надад илүү өндөр түвшний мэдлэг, чадвар, хариуцлага оногдсон доо.
Удирдлагын академи маань ажиллаж байгаа профессор багш, багшлах бүрэлдэхүүний төдийгүй суралцагчдын хувьд ч өөр өөр салбар, агентлагын төлөөлөл байдаг тул их онцлогтой гэж би боддог. Энэ онцлог нь бие биенээсээ суралцах, салбар, агентлаг байгууллагын чиг үүрэг, онцлогыг мэдэрч, ойлгох зэрэг их давуу талтай. Түүнчлэн багшлах бүрэлдэхүүний хувьд илүү өргөн мэдлэгтэй, менежмент болон бусад шинжлэх ухааны салбар чиглэл рүү орж судлахаас гадна тэдгээрийн уулзварт орших асуудлыг ч судлах танин мэдэх шаардлага гардаг. Энэ утгаараа багшлах бүрэлдэхүүнээс мэргэжлийн, судалгааны арга зүйн мэдлэг, ур чадвар, туршлагаас гадна харилцааны өндөр ур чадвар, мэдрэмжтэй байхыг шаарддаг. Бид бие биенээсээ болон суралцагчдаасаа ч суралцдаг. Миний хувьд Удирдлагын академид 7 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд ахлах багш, дэд професссор, профессороор томилогдон ажиллаж байгаагаас гадна Удирдахуйн ухааны профессорын судалгааны багийн нарийн бичгийн даргаар сүүлийн 5 жил ажилласан. Энэ ажил үүргийг гүйцэтгэх явцдаа магистарнт, докторантын судалгааны арга зүйн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, судалгааны ажлын академик бичлэг, стандарт хангах ажилд онцгой анхаарч, өөрөө ч олон зүйлд суралцсан. Энэ дашрамд академийн сургалт, судалгааны ажлыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа академийнхаа удирдлага, профессор, багш, хамт олон, суралцагч шавь нартаа талархлаа илэрхийлмээр байна.
Таны оролцсон томоохон судалгааны ажлуудын заримаас дурдвал...
Их сургуулийн багшийн ажлын онцлог сурган заах арга зүйгээс гадна судлаач байх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байдаг. Их сургуулийн эрдмийн ажлыг хөгжүүлэх төдийгүй салбар, агентлаг байгууллагад тулгамдсан асуудал, шийдвэрлдэх арга зам, шийдлийг тодорхойлох судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулах үүрэг хариуцлага байдаг.
Хамгийн томоохон ажлаас нь дурдвал 2018 онд Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль хамтран “Хилийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрх зүйн орчин” гэсэн томоохон захиалгат судалгааны ажил гүйцэтгэсэн. Энэ судалгааны ажил гурван ажлын хэсэгтэй, арав гаруй эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байсан. Академич, дэслэгч генерал Ш.Арвай, боловсрол судлалын академич Б.Жадамба болон хил судлалын эрдэмтэн судлаач, докторууд оролцсон юм.
Энэ судалгааны ажилд миний гүйцэтгэсэн үүрэг “Хилийн албаны сургуулийн эрх зүйн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох” гэсэн судалгааны ажлын хэсгийн ахлагчаар ажилласны зэрэгцээ хилийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндэсний эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийсэн. Судалгааны ажлын үр дүнд Хилийн албаны сургуулийн “Эрх зүйн тэнхим” байгуулагдаж, “Хилийн алба-эрх зүй” сургалтын хөтөлбөрийг боловсруулж, бусад хөтөлбөрт тусгагдах эрх зүйн чиглэлийн хичээлүүд нэмэгдсэн. Шинэчлэн батлагдсан 2016 оны хилийн тухай хуулиар хил хамгаалах байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хэрэгжүүлэх, сахиулах чиг үүрэг давамгайлж байгаа тул бэлтгэж байгаа офицер бүрэлдэхүүн албан хаагчид нь эрх зүйн шинжлэх ухааны онолын мэдлэг, хилийн эрх зүйн хэм хэмжээг сахих, ашиглах, хэрэглэх чадварыг эзэмшүүлэх нь чухал болох нь судалгааны үр дүнгээс харагдсан.
Хилийн цэргийн дээд сургуульд ажиллаж байхдаа хилийн эрх зүйд хамгийн ойр байгаа хуулийн багшийн хувьд хилийн эрх зүйн бие даасан салбар эрх зүй болох онолын үндсийг тодорхойлж, судлах хэрэгцээ шаардлага байгааг мэдэрч, бүтээл гарах зорилго тавьсан байсан юм. Гэвч гурван хуудснаас цааш явахгүй зогсчихсон. Эргээд бодоход тэр үед судалгааны арга зүй дутагдаад байсан юм билээ. Ингээд докторын зэрэг хамгаалж ирээд хилийн эрх зүй бол эрх зүйг салбарт хуваах уламжлалт ойлголт болох зохицуулах зүйл, зохицуулалтын аргын онцлогоороо ч төдийгүй үндэсний эрх зүйн тогтолцоонд органик хуулийн эзлэх байр суурь, эрх зүйн сэтгэлгээний орчин үеийн чиг хандлагаар ч авч үзсэн бие даасан салбар эрх зүй гэсэн онолын иш үндэслэлийг гарган “Хилийн эрх зүй” сурах бичгийг боловсруулж, хэвлүүлсэн.
Сурах бичиг эрдэм шинжилгээ судалгааны ажлын томоохон хэлбэр гэж үздэг. Үүнээс харахад сургалт, судалгааны ажлын туршлагатай, Их сургуулийн багш хүн л бичих юм байна гэдгийг ойлгосон. Сурах бичиг бол нэг хүний бүтээл байдаггүй. Манай Хилийн албаны сургуулийн ахлах багшаар ажиллаж байсан, дэд хурандаа Ч.Мягмарбаяртай хамтран ажилласан. Одоо бүтээл маань хилийн албаны сургуулийн сургалтын бүх түвшинд үндсэн сурах бичиг болсонд баяртай байдаг.
Та Дотоод хэргийн их сургуульд Вьетнам улсаас ирж эрдмийн зэрэг хамгаалсан докторантын удирдагчаар ажилласан. Энэ тухайгаа тодруулвал...
Манай их сургуулийн Ахисан шатны сургуулийн докторын хөтөлбөрт суралцсан гадаад улсын анхны докторант Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний цагдаагийн сургуулийн багш, ахмад Дин Ван Тугийн “Монгол улс, БНСВУ-ын цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах ажиллагааны харьцуулсан судалгаа” докторын судалгааны ажлыг доктор, дэд профессор Д.Эрдэнэбаатартай хамтран удирдаж, 2021 оны 07 дугаар сард амжилттай хамгаалсан. Одоо шавь маань мэргэжлээрээ эх орондоо амжилттай ажиллаж, амьдарч байна.
Монгол Улсынхаа хилчин дайчдыг бэлтгэхэд өөрийн эрдэм мэдлэгээ зориулсан олон сайхан дурсамж тань дуусашгүй юм байна. Хилийн цолтой хурандаа эрдэмтний хувьд хилчдээрээ бахархсан сайхан үг хэлнэ үү?
Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээсэн хилчин офицеруудыг бэлтгэх үүрэгт багш хүний хувьд хүчин зүтгэж байгаадаа маш их талархаж явдаг. Энэ дашрамд бидэнд их итгэл найдвар, хариуцлага хүлээлгэн анх багшаар томилсон ХЦДС-сургуулийн захирал, доктор, профессор, Н.Наранжамц, дэд захирал, хошууч генерал Я.Пүрэвдорж нартаа талархлаа илэрхийлмээр байна. Өнөөдрийн ололт амжилтын эх үндэс суурь тэнд тавигдсан гэж бодож явдаг.
Хилчид маань үеийн үед эх орныхоо торгон хилийг сахин хамгаалах ариун үйлсэд амь бие хайрлалгүй зүтгэж ирсэн баатарлаг гавьяатай. Хилийн алба бол хүнийг амьдралын асар их ухаантай, хүлээцтэй, хүнлэг болгон төлөвшүүлдэг сайхан алба гэж боддог.
2002 оноос хойш хилчин офицеруудыг бэлтгэхэд үүрэг гүйцэтгэсэн байна. ХЦДС-д бакалаврын хөтөлбөрт хичээл заалгаж байсан шавь нар маань Удирдлагын академид магистр болоод ирдэг. Тэднийгээ эрдмийн зэргээ хамгаалахад нь удирдагчаар нь ажиллаж, шавь нараасаа урмын үг авах сайхан байдаг.
Одоо Удирдлагын академид ажиллаж байгаа профессор багшийн хувьд хилийн төдийгүй цагдаа, шүүхийн шийдвэр, онцгой байдлын байгууллага, шүүх шинжилгээ, хууль сахиулах салбарын анхан, дунд шатны удирдах ажилтныг бэлтгэх үйлсэд салбар салбарын эрдэмтэн судлаачид, багш нартайгаа мөр зэрэгцэн зүтгэж байгаадаа өөрөөрөө төдийгүй шавь нараараа бахархдаг.
Монгол Улсын хил хамгаалах байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хилчин офицеруудад эрх зүйн мэдлэг олгох, хуулийг ашиглах, сахих, хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлэх, хөгжүүлэх төдийгүй судалгааны арга зүйн ур чадварт суралцуулж, судалгаанд суурилсан шийдвэр гаргах хандлагыг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө зүтгэж байна.
Багш нар маань үндсэн чиг үүргээ гүйцэтгэхээс гадна урлаг, спортын авьяастай байдаг. Таны хувьд урлагийн ямар авьяастай, спортоор хэрхэн хичээллэдэг вэ?
Боловсролын байгууллагад хүн хөгжихгүй байхын аргагүй сайхан орчин. Багш хүн бусдад зааж сургахын тулд өөрөө манлайлагч байхыг шаарддаг мэргэжил гэж би боддог. Миний нэг өдөр судалгааны ажил хийж, хичээл заахаар хязгаарлагддагүй. Боломж гарвал өөрийгөө хөгжүүлэхийг боддог. Суралцана гэдэг бол миний амьдралын хамгийн таашаалтай зүйл учраас сурах хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг. Манай их сургуулийн үйл ажиллагаанд сургалт, судалгааны ажлаас гадна урлаг, спорт нийтийг хамарсан олон үйл ажиллагааг зохион байгуулагддаг. Би жирийн багшаас эхлээд удирдах түвшинд ажиллахдаа бусдыг сур, аливаа үйл ажиллагаанд оролц гэж хэлэхээс илүүтэйгээр өөрөө тасралтгүй суралцахын ач холбогдол, чухлыг өмнөх үе, одоо хамтран ажиллаж байгаа багш нараасаа үлгэр дуурайл болгож авсан.
Урлагийн үзлэг зохион байгуулахад оролцоно. Спортоос ширээний теннис, волейболын тэмцээнд оролцдог. ХЦДС, Удирдлагын академийнхаа авьяаслаг, чадварлаг багш нарынхаа хамт тэд нарынхаа дэмжлэгээр спорт, урлагын тэмцээнд оролцож, 1, 2 дугаар байр эзлэж байсан. Энэ бүхэн багш мэргэжлийн маань ач тус. Багшийн ажил мэргэжил хүнийг үргэлж хөгжүүлдэг сайхан ажил алба юм.
Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг зорьж байгаа багш, албан хаагчид, сонсогч, суралцагчдад таны өгөх хамгийн үнэтэй зөвлөгөө юу вэ?
Энэ асуултад хариулахаас өмнө Их сургуулийн удирдлагаас багшлах бүрэлдэхүүний гадаад хэлний боловсролд анхаарч ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлье. Үр дүнгээ өгнө гэдэгт ч итгэлтэй байна.
Аливаа зүйлд багш өөрөө манлайлах ёстой гэж боддог. Гадаад хэл сурахын тулд хамгийн гол нь өөрөө өөртөө сурах хүсэл тэмүүллийг бий болгох хэрэгтэй. Түүнчлэн тухайн хэлэндээ өөрөө дурлаж байж амжилтад хүрдэг тухай олонтаа уншиж байсан. Нөгөө талаар хэл сурах хэрэгцээ шаардлага, зорилгоос ч шалтгаална. Миний хувьд шинэ зүйл сурах дуртай. Багш илүү сурснаар бусдад илүү их зүйл зааж дэлгэрүүлнэ гэж боддог.
Та хэлийг сурахад хичнээн цаг зав зарцуулна, тэр хэмжээгээрээ л үр дүнгээ өгнө. Гадаад хэл сурахад хэн уйгагүй, шантаршгүй байна түүнд л үр дүнд нь харагддаг. Хичнээн сайн сургууль, сургалтад сураад өөрөө давтах, мэдлэгээ бататгахад цаг гаргаагүй, хичээгээгүй бол үр дүн, ахиц дэвшил харагддаггүй, сурдаггүй.
Гадаад хэлний багш нар маань ч хүн хичнээн гадаад хэл сурна, тэр хэмжээгээрээ сэтгэлгээ хөгждөг гэсэн үгнээс урам зориг авч уйгагүй зүтгэх хөшүүрэг болсон доо.
Эмэгтэй хүний хувьд өөртөө хэрхэн цаг гаргадаг вэ?
Байгалиасаа эмэгтэй хүнийг гоо сайхан заяадаг. Гоё сайхан байх нь нэг талаар бусдын нүд, сэтгэлийг баясгаж, бусдад өгч буй буян гэж соён гэгээрүүлэгч хүний ярианаас сонсож байсан. Багш хүн эрдэм, мэдлэгтэй байхаас гадна хувийн соёл өндөр байх хэрэгтэй. Бусдын өмнө гараад хичээл заана гэдэг гадаад талдаа анхаарч, гоо зүйн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Би энэ олон жил багшлахдаа гэрээсээ нэг ч удаа будаггүй гарч үзээгүй. Хичнээн ч их яарч байсан ч үс зүсээ янзлаад гарах нь өөртөө итгэлтэй болгодог. Энэ бол өөртөө тавьдаг нэг шаардлага юм. Өөрийгөө хүндлэхээс гадна бусдыг хүндэтгэж байгаа нэг хэмжүүр ч гэж хэлж болно.
Би 2003 онд охиноо төрүүлсэн. Миний хань эрүүгийн цагдаагийн албанд олон жил ажилласан, хурандаа цолтой, удирдах албан тушаал хашиж байна. Эрдэм ном, ажил сургууль гэж явсаар нэг хүүхэд төрүүлсэндээ өөртөө хааяа шүүмжлэлтэй ханддаг. Хүн ажил мэргэжилдээ амжилттай явахын хамт гэр бүлээ зөв төлөвлөж, цаг зав гаргах хэрэгтэй гэж боддог.
Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Ярилцсан цагдаагийн хошууч Б.Төгсжаргал
Эх сурвалж: Дотоод хэргийн Их сургууль
Сэтгэгдэл (0)