Н.Учрал: Иргэд, аж ахуйн нэгжүүдээ зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлнө


Ж.Халиун
1 цагийн өмнө

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал  улс төрийн илтгэл тавилаа. Илтгэлийг эхээр нь хүргэе. 


Улс төрийн намын үзэл баримтлал нь өөрчлөн хувьсаж буй цаг үетэй дасан зохицож нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэчлэн өөрчлөглөж байх нь үндсэн хуулинд заасан эрх, эрх чөлөөг амилуулан баталгаажуулахад чухал үндэслэлтэй байдаг билээ. 31-р их хурлаар дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Ардын намын даргын хувьд боловсруулан дэвшүүлж буй “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ”- нь ч 4 тулгуур үндэслэлтэй.

1-рт, шинэ ардчилсан Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм соёлын үндсэн эрх, эрх чөлөө

2-рт, Өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, олон нийтийн хүсэл хүлээлт, нэхэл шаардлага

3-рт, Орчин цагийн намуудын дэвшил өөрчлөлт, дэг журам нь эрс хувиран өөрчлөгдөн буй дэлхийн чиг хандлага, олон улсын нөхцөл байдал

4-рт, Монгол Ардын нам үүсгэн байгуулагдах үеэсээ баримталсан үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санаа. Монгол Ардын намын “Түмэнд зарлах тунхаг бичиг”,   Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян”, намын анхны мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээлүүд үүний түүхэн үнэ цэнтэй баримт нотолгоо юм.

Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян”, Монгол үндэстний сэхээтэн Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээлийн үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санаа зуу гаруй жилийн тэртээх цагийн хол, түүхийн тоосонд улирч мартагдах бус улам өнгө орж байна. Хүн төрөлхтөний хөгжлийн үе шатыг үл алгасан, гүехнээс гүнд орохын адил шатлан дэвших Солийн Данзангийн, “Улсын эрх болбаас хүний эрхүүдийг дарлах, цаазлах үгүйгээр мандуулан хэрэглэж чадваас сая улс хүчирхэг болмуй” хэмээх Жамсрангийн Цэвээний, өөрийн үндэсний төр, шашин, соёлоо бадруулах Ардын намын анхны үзэл санаа амьд хэвээрээ байна.    

Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт нь улс төрийн хэллэгээр бол хувьсгалын тохироо нь бүрджээ. УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн хүнд суртлын чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилгаар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн үндсийг суулгаж, үрийг нь тарьсан. Чөлөөлье санаачилга бол нэг хүний биш нийт олны хүсэл юм. Хийе бүтээе, ажиллаж хөдөлмөрлөе гэсэн хүн бүр өдөр бүхэн тамга, гарын үсэг, бичиг цаас, дүрэм журмын саадтай тулгарч байна. Хүнд сурталд чирэгдэж хохирсон, алагчлал ялгаварлалд өртсөн, өөрт тохиолддог өдөр тутмын амьдралаараа иргэд нотлон дэмжиж байна. Хот хөдөө хаа сайгүй “Чөлөөлье” гэж хүмүүс дуу хоолойгоо нэгтгэж байна. “Чөлөөлье” санаачилга Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм.  Эдийн засгийн өсөлтийн тоо биш чанар, халтай халамжаас ээлтэй хөдөлмөрт шилжих зам билээ. Чөлөөлье санаачилга ийм энгийн бодит үнэн, хүн бүрийн хүсэл шаардлагаас урган гарсан нийгмийн хүлээлт байлаа.       

Улсын тусгаар тогтнолын тулгуур нь Эдийн засгийн тусгаар тогтнол юм. Харин улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын  үр үндэс нь иргэний эдийн засгийн эрх чөлөө юм.

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар “Чөлөөлье” санаачилгыг хууль эрх зүй, хөтөлбөр бодлого, үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажилдаа орсон. Иргэнээ төрийн хэтийдсэн зохицуулалт, хүнд суртал, хууль журмын хуучирч хоцрогдсон, хийдэж давхардсан чөдөр тушаанаас чөлөөлж, төрийн үйлчилгээг хаалттайгаас нээлттэй, цааснаас цахимд шилжүүлэх асуудлын шийдлүүд юм.

Монгол Ардын намын Бага хуралд хандан дэвшүүлж буй гишүүн төвтэй Е-4 стратеги, түүнийг хэрэгжүүлэх УИХ-ын гишүүдийн ахалж, намын үе үеийн төлөөллийн оролцсон 11 дэд хорооны үйл ажиллагаа ч “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-тэй шууд уялдаатай, салшгүй хэсэг юм гэдгийг тодотгоё.

Ингээд Та бүхэндээ эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтөө танилцуулъя. Энэхүү бодлогын чиглэл, намын даргын баримтлах чих шугамыг МУ-ын Засгийн газар, УИХ, Нийслэл, дүүрэг, Аймаг, сумын МАН-ын бүлгүүд чанд хэрэгжүүлж дагаж мөрдөх учиртай. Нэг бодлого, нэг зарчим, нэг стандартыг мөрдсөн цагт цэгцрэх хөдөлгөөн өрнөж чөлөөлөлтийн бодлого амилах болохыг эрхэм журмын нөхөд анхааран ажиллахыг хүсэж байна

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ:

НЭГ ДЭХ ЗАМ:  ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

Хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлнө.

ХОЁР ДАХЬ ЗАМ:  ЭРХ ЗҮЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

Хуулийн хулгай, хийдэл давхардал, дүрэм журмын гох дэгээнээс чөлөөлнө.

ГУРАВ ДАХЬ ЗАМ: НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

Сэргээгдэх эрчим хүчний дундаршгүй их нөөц, өгөгдөлдөө түшиглэн, түлш шатахуун, тог цахилгааны импортын хараат байдлаас чөлөөлнө.

ДӨРӨВ ДЭХ ЗАМ: АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ

Монгол хүн, монгол өрх айл бүрийг тонон дээрэмдсэн авлигаас ард түмнээ, ардчилсан төрөө, Ардын намаа чөлөөлнө.

НЭГ ДЭХ ЗАМ:  ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

  • Хүслийг хяссан хүнд суртлаас хөдөлмөрч бүтээлч хүн ардаа, баялаг бүтээгч хувийн хэвшлээ төрийн зуршлаас чөлөөлөхийн тулд жим биш зам нээнэ. Зөвшөөрөл нэртэй хориглолтын системийг нурааж эдийн засгийн эрх чөлөөний замыг элдэв саадаас чөлөөлнө. Найман нэрийн дэлгүүр, кофе шоп нээх гэж 4 сар чирэгдүүлдэг хүн чанаргүй хүнд суртлаас чөлөөлж эхэлсэн. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл гэдэг зүс, нэрээ гэрчилгээ, тохирол, бүртгэл, лавлагаа, дүгнэлт зэргээр өөрчлөн хувиргаж, 1000 гаруй болж амилсан зөвшөөрөл нэртэй хориглолтыг нурааж, эрх чөлөөний замыг чөлөөлнө. Архангай аймагт ааруул, цагаан идээгээ сайн борлуулж, 12 ам метр талбайгаа 45 ам метр болгож томруулъя гэхэд 8 нэрийн дэлгүүрийн хавтас дүүрэн бичиг цаас хөөцөлдөх хэрэгтэй болсон тухайгаа иргэн надад хэлсэн. Иргэнийхээ амжилтыг дэмжих биш дардаг ийм жишээ дүүрэн байна. Зөвшөөрлийн хуулийн шинэчлэлээр худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн 32 төрлийн үйл ажиллагаа эрхлэх бол гарын үсэг, тамга, бичиг хөөцөлдөх хэрэггүй. Хаана, юу хийх болсноо гар утаснаасаа мэдэгдээд шууд ажлаа эхэлнэ. 31 зөвшөөрлийг бүрмөсөн алга болгоно. 254 тусгай зөвшөөрлийг 180 болгож эрс цөөлж чөлөөлнө. Мянга гаруй зүсээ хувиргасан бичиг 134 энгийн зөвшөөрлийг 32 мэдэгдэл болгож чөлөөлнө.
  • Зээлийн өндөр хүүгийн ачаа дарамтаас ард иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ чөлөөлнө. Банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20 хувь, ББСБ-ынх  30-42 хувь байгаа  цагт зээлээс зээл, өрөөс өрийн хоорон дахь өнөөдрийн амьдралыг өөрчилж чадахгүй. Монгол орон мөнгө хүүлэлтийн диваажин байгаа цагт, урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр байгаа нөхцөлд, өрийн дарамтаас сугарах, үйлдвэрүүд үүдээ нээх хэцүү. Харин хаалгаа барих амархан. Өөрсдөө наад захын идэх уух, эдлэх хэрэглэхээ үйлдвэрлэж бүтээх, олуулаа хийх ажилтай, авах цалинтай байх өдөр наашлахгүй. Европ, Азийн банкуудыг Монголд урих нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх замын эхэн юм. Монгол бол дэлхийн газрын зураг дээр гадаадын банкгүй гарын таван хуруунд багтах цөөхөн улсын нэг. Зах зээл дэх цөөн тоглогчийн үгсэл тохирол, ашиг сонирхол, хууль, журмаар тавьсан хиймэл зохиомол саадыг арилгаж, чөлөөт өрсөлдөөний үр дүнд хөрөнгө оруулалт, санхүүгийн хүртээмж нэмэгдэж, эх үүсвэрийн өртөг буурна. Өндийн босох аргагүй өр зээлийн дарамт, өндөр хүүгийн дарлалаас ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ чөлөөлнө.
  • Чөлөөлье санаачилгаар боловсруулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, Хөрөнгө оруулалтыг хамгаалах хуулиуд бол Эдийн засгийн эрх чөлөөний замын эхний алхмууд юм. ТҮЦ, дугуй засвараас эхлээд хүний хувийн өмч, айл өрхийн амьжиргааны эх үүсвэрийг хурааж нураадаг, элдэв гэнэтийн бэлэг барьдаг дүрэмгүй дүрэм, журамгүй журмуудаас иргэнээ чөлөөлөх зам. Өмчлөх эрх баталгаагүй бол өсөлт хөгжил, өнөөдрөөс илүү маргаашийн тухай бодох утга учиргүй. Хувийн хэвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаггүй, төр гэнэдүүлж шийдвэр гаргаж, орон зай, зах зээл, төлөвлөгөөг нь нураадаггүй, хөрөнгийг нь хурааж, хөөдөггүй байхыг хуульчилна. Чөлөөтэй бизнес эрхлэх эрхийг дархалж, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг хориглоно. Төрийн бүх шатны шийдвэр эдийн засгийн утга агуулга дээр үндэслэх нь эдийн засгийн эрх чөлөөний замын дэвсгэр суурь юм. Хувийн өмч хөрөнгө, бизнест халдан түрэмгийлдэг, Үндсэн хуульд үл нийцэх төрийн дарангуйллаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлнө.
  • Төрийн өмчийн компанид давуу дархан эрх олгохгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй ээ. Данхар бүтэцтэй, үрэлгэн төсөвтэй, өмч хөрөнгөө тоолж дийлдэггүй төрөөс хувийн хэвшил, иргэндээ зах зээл, орон зайг нь чөлөөлнө. Бүгдээрээ тэрбумтан болохгүй, бүгдээрээ олимпийн аварга болохгүй ч бүгдэд тийм зам, тийм боломж нээлттэй байх ёстой. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль нэртэй боловч нэдэр дээрээ төр хувийн хэвшлийн түлхэлцлийн хуулийг өөрчилнө. Улс оронд чинь хэрэгтэй юм хийж бүтээе гэж, хөрөнгө мөнгөө бариад ирсэн компани ажлаа эхлэх гэж яам тамгын үүдийг хамгийн багадаа 8 сар сахидаг, урьдчилсан үнэлгээ хийлгэх гэж хагас жил хүлээдгийг хуульчлан зогсоож, аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэдэг болгон чөлөөлнө.
  • Төсөв болон ТӨК-н нийт зардлын эдийн засаг дахь харьцаа 2019 онд 51 хувь байсан бол 2024 онд 61###/span#< болж өссөн байна. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай орон гэх атлаа 100 төгрөгний 60 төгрөгийг дарга нарын гарын үсгээр зарцуулж байна. Ийм нөхцөлд хувийн хэвшил өсөж өндийх, хөгжлийн хөдөлгүүр байх ямар ч боломж алгаа. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэн нийлүүлж, татан буулгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарлаж, хувийн хэвшилдээ өсөн дэвших орон зайг нээнэ. Аж ахуйн нэгжүүд жижиг нь томордог, том нь дэлхийд өрсөлддөг өртөө замыг нээн чөлөөлнө.
  • Засгийн газраас өргөн барьсан татварын багц хуулийн шинэчлэл бол татварын багц хөнгөлөлт юм. Гааль, татварын байгууллага зааж захиргаадах биш, зөвлөн тусалдаг түнш байх зарчим руу шилжинэ. Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог шударга бус байдлыг халж, хариуцлагыг урамшуулдаг болно. НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум, нийтдээ 2,7 их наядаар ачаалал хөнгөрнө. Жилийн 400 сая хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбар тайлагнадаг болж, 1% татвар төлнө. УИХ, Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүнд иргэддээ хүрсэн шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах болно.

Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг тэнийлгэж чөлөөлнө.

Монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр дархалж чөлөөлнө.

Хүнд суртлын чөдрийг тайлж чөлөөлнө.

100 төгрөгийн 75 нь улсын төсвөөр дамжиж, төрийн ордонд, төвд бүхнийг төвлөрүүлэн хамдаг хүлээснээс аймаг, орон нутгаа чөлөөлөх болно.

ХОЁР ДАХЬ ЗАМ: ЭРХ ЗҮЙН ЭРХ ЧӨЛӨӨЛӨЛТ

Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлж, МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд шинжилгээ хийхэд 1000 гаруй заалт нь хүний эрхийг хязгаарласан, зөрчилдсөн, шууд зөрчиж байна гэсэн ноцтой дүн гарсан. Эрх чөлөөт Монгол улсын иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг тушсан 1000 чөдөр, 1000  гох дэгээ байна. УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төсөл бүрийн хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан, хааж боосон эсэхийг хэн хүссэн нь d.parliament талбарт зочилж, хиймэл оюун ухааны тусламжаар дүн шинжилгээ хийдэг болсон нь эрх зүйн чөлөөлөлтөнд технологийн дэвшил ашиглаж буй шийдэл юм. Учир нь хүний эрх бол иргэн Таны эрх.

  Хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн хуулиудыг цэгцлэн чөлөөлнө. Цаашид Үндсэн хуульд заасан үндсэн эрх, үндсэн зарчмыг давж гишгэсэн нэг хууль, нэг заалт цаашид УИХ-ын босгыг давахгүй. Технологийн дэвшил ашигласан, иргэний шууд хараа хяналтыг тогтооно. Хүний эрхийг хөндсөн хуулийн аливаа хязгаарлалтыг зөвхөн зайлшгүй байх зарчмаар дахин хэмжиж үнэлж чөлөөлнө. Сураг баримжаа бус судалгаа үндэслэл, шинжлэх ухаан, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн мэргэжилтүүдийн санал бодолд тулгуурлан, амьдралд хэрэгжих хууль, шийдвэр хэлэлцэн баталж байх нь УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн үндсэн зорилтын нэг юм. Үндсэн хуулийн үндсэн зарчим бол төрийг иргэнээс хамгаалах биш, иргэнээ төрөөс хамгаалахад оршдог. Юм бүхнийг хийх гэдэг төрөөс юу хийхгүйгээ мэддэг төр  илүү хүчтэй. Эрх мэдэл биш хууль дээдлэх ёс ноёрхох нь эрх зүйт төр.

Хууль дээдлэх гэдэг нь Үндсэн хуулиа дээдлэх тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомж бүрийг гагцхүү Үндсэн хууль дээдлэх зарчимд буцаан захируулна. Эрх мэдлийг биш эрх чөлөөг хамгаалахын утга учир үүнд оршино. Эрх зүйн орчны ЧӨЛӨӨЛӨЛТ бол зөвхөн хууль засварлах өнгө будгийн засал биш, Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхэд нийцүүлж, хууль журмын гох дэгээнээс чөлөөлөх ойлголт юм.

Иргэнээ төрөөс чөлөөлнө.

ГУРАВ ДАХЬ ЗАМ: НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

Монгол бол эх дэлхийгээ аргадан  хайрлах энх мөнх оршихуйн үзэл санааны өв уламжлалтай, оюуны соёлын эх ундаргатай орон. Монгол бол нар, салхины сэргээгдэх эрчим хүч, энергийн дундаршгүй их өгөгдөлтэй орон. Монгол бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд эмзэг өртөмхий, өргөн уудам газар нутгийнх нь 76 хувь нь цөлжилт, бэлчээрийн доройтолд нэрвэгдсэн орон.

Байгаль орчноо ч хамгаалж, баялаг нөөцөө ч хариуцлагатай ашиглан, ирээдүй хойчдоо эрсдэлгүй эх орноо өвлүүлэх нь энх оршихуйн ногоон хөгжлийн загвар юм. Ногоон хөгжлийн замын үндэс нь эрүүл аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас хамгаалагдах Үндсэн хуульд заасан үндсэн эрх юм. Эх дэлхийдээ ээлтэй эдийн засаг, эко үйлдвэрлэл, тогтвортой хөгждөг хөдөө аж ахуйг дэмжих, сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь ногоон чөлөөлөлтийн замын чиг шугам.

  • Жилийн 240-өөс багагүй өдөр нь алтан нартай, цэнгэг салхины орон мөртлөө жилд 200 сая орчим доллараар бусдаас гэрэл, цахилгаан, 2.2 тэрбум ам.доллараар түлш,  шатахуун импортолж  хараат, хамааралтай байсаар байна.
  • Эрчим хүчний хэрэглээ жилд 6–10 хувиар өсөж байхад цахилгаан станцуудаа цаасан дээр зурж гацаасаар өвлийн ид хүйтэнд гал алдлаа. 4-р ДЦС барьснаас хойш төр 43 жил цахилгаан станц барьж босгосонгүй.

Монгол инженер, залуучуудаас бүрдсэн хувийн компани Замын-Үүдэд хагас жилд барьж босгосон “Эрдэнэнар” нарны станцын зөвшөөрлийг 7 жил хөөцөлдөж, хүнд суртлын 10 даваа давсан байна. Нарны хавтан, хураагууртай айл өрх төвийн шугамд үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэхийн тулд 15 шат дамжлага туулжээ. УИХ 2026 оны 12-р сарын 26-нд “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах тухай”  Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол, “3х100” хөтөлбөр бол ногоон чөлөөлөлтийн эхний баримт бичиг байлаа.

“100 мянган нарны гэр” санаачлагаар 2035 он гэхэд Чингэлтэйн 83 өрхийн гаргасан мөрөөр гэр хорооллын 100 мянган айл нарны хавтан, халаагуур, хураагуур хосолсон систем суурилуулан, буулгах яндан, нэмэрлэх цахилгаан, олох орлого бүхэн нийлж ногоон чөлөөлөлтийн өргөн зам болно. Энэ бол 83 эгэл жирийн монгол айл өрхийн түлээгүй түлш, бохирдуулаагүй агаар, эрсдээгүй эрүүл мэнд, хэмнэсэн цаг мөнгө, бусдадаа өгсөн гэрэл гэгээ, дулаан, цэвэрхэн гэр орон. Энэ бол Улаанбаатарын уушгийг утсан 100 мянган яндан буулгах эхлэл болохоос төгсгөл биш ээ.

“100 МВт тархмал эх үүсвэр” санаачилгаар аймаг, орон нутагт бие даан ажилладаг, нарны панелиас өөрийгөө бүрэн цэнэглээд хураадаг систем суурилуулж чөлөөлнө. Монгол компани, монгол инженерүүд өөрсдөө барьж босгоод, өвлийн ид гал алдах үеэр Замын-Үүдэд нэг ч удаа гэрэл цахилгаан тасраагүй шиг хэд хэдэн аймаг, томоохон сууринд төр, хувийн хэвшил түншлэн, нар, салхины станц байгуулахаар санал санаачилга гарган, зарим нь аль хэдийнэ хөрөнгө зардлаа босгосон сайн мэдээ байна.

3х100 хөтөлбөрийн нэг салаа шугам нь өргөн уудам нутагтаа өмнөөс умард ,баруунаас зүүн, гол замууд дагуу “100 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл түргэн цэнэглэх дэд бүтэц”-ийн өртөө байгуулах санаачилга юм. УИХ-ын даргын “Чөлөөлье” санаачилгаар 100 ширхэг түргэн цэнэглэх өртөө байгуулах санаачилгыг үндэсний компаниуд нийгмийн хариуцлагынхаа дагуу дэмжин ажиллахаа илэрхийлээд байна. Цахилгаан өртөөдөөр дамжин түлш шатахуунгүйгээр зардал мөнгөө хэмнэн, газрын холыг туулна. Энэ бүхэн бол Монгол улс түлш шатахуунд төлдөг 2,2 тэрбум долларын 30-40 хувь, 300-400 сая доллар хэмнэх, эх нутаг, эрүүл мэндээ хайрлан хамгаалах,  уушиг бүрийг утсан агаарын бохирдол багасгах олон талын ашиг тустай, энх оршихуйн ногоон үзэл санаанаас урган гарсан бодлого шийдэл, бодит ажил юм.

УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэн батлах Эрчим хүчний тухай хууль, Дулаан хангамжийн тухай хууль, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиуд, ногоон хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын шинэ тогтолцоог бүрдүүлэх нь ногоон чөлөөлөлтийн замыг зураглал, бодлого шийдлийн багц юм. 

Манай улс өргөн уудам нутагтай, нар салхины арвин их нөөцтэй орон. Нүүдлийн соёл уламжлалаа хадгалж суугаа малчдаа нэмэлт орлоготой болгох “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр бэлчээрийн доройтлыг бууруулж, бэлчээрийн доор агуулагдаж буй нүүрстөрөгчийн шингээлтийг үнэлүүлж хэмжүүлээд, Швейцари, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй, газар нутаг багатай орнуудтай байгуулсан гэрээний дагуу малчин өрх, хөдөөгийн иргэн, хүссэн хэн бүхэн доллар валютаар ашиг олох шинэ чөлөөлөлтийн замыг нээх болно.

ДӨРӨВ ДЭХ ЗАМ: АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ

Бага хурлын гишүүд, эрхэм журмын нөхөд өө!

Авлигын эсрэг чөлөөлөлтийн нэг чиг шугам нь төрийн албаа тогтолцоогоор нь өөрчлөн шинэчлэхэд оршиж байна. Төр данхайн томорсоор зардлаа даахгүй боллоо. Өнөөдөр хувийн хэвшил биш төр 213000 албан хаагчтай хамгийн том ажил олгогч болжээ. Төрийн албаа тогтвор суурьшилтай, чадварлаг бүтээмжтэй, цомхон байлгах талаарх дуусдаггүй яриаг дуусгах цаг болсон. Хөдөө орон нутагт хүний нөөц дутагдаж, сэтгэл ханамж, бүтээмж буурсан. Хүний мэдлэг мэргэшлийг бус хэний арьсан цүнхийг барьсан бэ гэдгээр алагчлан хэмжиж, ардчилсан төр өөрөө ар өврийн хаалганы хамгийн том жишиг боллоо. Ур чадварын өндрийг улс төрийн өнгөөр дарж байна. Шударга, зүтгэлтэй олон мянган төрийн албан хаагчийн урам зориг хугарч байна. Төрийн албан хаагчдаа нохойд барьдаг мод шиг юм бүхэнд дайчилж, зүтгүүлдэг. Шийдвэр гаргах бус ширээгээ манадаг, асуудал шийдэхээс айж суухаас өөр аргагүй нөхцөл байдалд түлхдэг тогтолцооны гажуудал бүхэлдээ нүүрэллээ. Асуудлын гол нь хүндээ биш тогтолцоондоо байна. Буруу тогтолцоонд зөв байх боломж хомс байна. Ажил хийж, ачаалалдаа дарагддаг нь хохирч, дүр эсгэн аахилж уухилдаг нь хождог бурангуй тогтолцоо бугшсан байна. Төрийн албаны цалин хөлсийг ч нэг биш 30 хуулиар ялгавартай тогтоодог боллоо.

Сумаас эхлээд яамд хүртэлх төрийн албан хаагчид цаг, цаас хэмнэн цахим технолгоор шийдчих боломжтой атал ажлын тайлан гаргах, мэдээлэл нэгтгэх зэрэгт үндсэн ажлынхаа 70-80 хувийг зарцуулж байна. 1200 гаруй төрийн үйлчилгээг мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системтэй нэгтгэн өгөгдөл солилцох системийн бэлэн байдлыг хангасан байтал төрийн байгууллагууд тус тусдаа цахим систем үүсгэн, төр иргэнээсээ мэдээлэл нэхэхгүй үндсэн зарчмыг зөрчин төрийн албан хаагчдыг нэг ажлаа ахин дахин давтан хийхэд хүргэж цаасан хүнд суртлаар залхаан цээрлүүлж байна.

Төрийн албаны хуулийг иргэндээ үйлчлэх албаны мөн чанарт нийцүүлэн шинэчилнэ.

Төрийн байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд оруулж, олон давхар тайлангаас чөлөөлнө

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг бүтээмж, гүйцэтгэл, үр дүнгийн нэгдсэн тогтолцоонд оруулж чөлөөлнө.

Дарга нарын албаас  иргэндээ үйлчилдэг алба болгон шинэчилж чөлөөлнө

Авлига бол бүх монгол хүн бүрийн аваагүй цалин, идээгүй талх, эдлээгүй боломж, биелээгүй мөрөөдөл, бүгдээрээ өртсөн хохирол юм. Ард түмнээс эхтэй ардчилсан төр, ирээдүйгээ хээл хахуулийн гав гинжнээс чөлөөлөхөд ухрах эрх үгүй. Авлига дугуй засварчнаас нэхдэг галын дүгнэлтээс эхлээд салбар бүрд шат бүхэнд идээ бээр нь бугшсан нийгмийн хорт хавдар болжээ. Авлига Монголыг идэж байна. Авлига ардын намыг идэж байна. Авлигын эсрэг олон хууль, тогтоол батлан гаргаж байгаа ч хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Авлига тогтвортой өсөлтийг сааруулж, хөрөнгө оруулалтыг үргээж, баян хоосны ялгааг хөөрөгдөж, ядуурлын эгнээг тэлж, тэгш бус байдлын ангал гүнзгийрэх үндэс шалтгаан болсоор байна.

Танилын нүүр халуун хэдий боловч Та бидний эх орон, иргэн бүрийн булаагдсан ирээдүй, эрх чөлөө  илүү хайран байна. Хүн чанар, ёс жудгаа авлигачдад гаргах уу, ард түмэндээ зориулах уу? гэдэг сонголтын өмнө Та бид ирлээ. Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

1-рт, Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя. 



Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Н.Учрал: Иргэд, аж ахуйн нэгжүүдээ зээлийн хүүгийн дарамтаас… 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг У… 4 цагийн өмнө
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг… 23 цагийн өмнө
​Гар утсандаа ирсэн линкээр нэвтрэн банкны мэдээллээ оруулсн… 2026/02/25
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг д… 2026/02/25
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна 2026/02/24
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учр… 2026/02/23
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжэ… 2026/02/23
Цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай ба… 2026/02/23
Сар шинийн барилдаанд Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бө… 2026/02/16
Шинийн 1,2-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эр… 2026/02/16
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн хала… 2026/02/16
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуул… 2026/02/12
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг… 2026/02/12
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын … 2026/02/11
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар ол… 2026/02/11
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуух… 2026/02/11
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион ба… 2026/02/10
Диплом гаргуулахаар 29.9 сая төгрөгийг өгч залилуулжээ 2026/02/09
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан … 2026/02/09
Н.Учрал: Иргэд, аж ахуйн нэгжүүдээ зээлийн хүүгийн дарамтаас… 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг У… 4 цагийн өмнө
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг… 23 цагийн өмнө
​Гар утсандаа ирсэн линкээр нэвтрэн банкны мэдээллээ оруулсн… 2026/02/25
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг д… 2026/02/25
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна 2026/02/24
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учр… 2026/02/23
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжэ… 2026/02/23
Цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай ба… 2026/02/23
Сар шинийн барилдаанд Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бө… 2026/02/16
Шинийн 1,2-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эр… 2026/02/16
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн хала… 2026/02/16
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуул… 2026/02/12
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг… 2026/02/12
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын … 2026/02/11
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар ол… 2026/02/11
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуух… 2026/02/11
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион ба… 2026/02/10
Диплом гаргуулахаар 29.9 сая төгрөгийг өгч залилуулжээ 2026/02/09
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан … 2026/02/09