Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж байна. "Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй, зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Өнөөдрийг хүртэл 6474 иргэн ажиглалтад байснаас 4950 иргэн ажиглалтаас гарч, 1500 гаруй иргэн тусгаарлах байранд байна.
Гадаадад буй иргэнээ татан авах тусам, эх орондоо ирэх хүсэлтэй иргэд олширч байна. Анх 3000 гаруй иргэн эх орондоо ирэхээр байсан бол өнөөдөр 11 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ. Гадаад буй иргэдээ татан авах ажиллагааг цаашид байнга зохион байгуулна. Гэхдээ тусгаарлах байрны хангамж, тээврийн хэрэгсэл, нисэх багийн нөөц боломжийг харгалзан үзэж, гадаад оронд буй иргэдээ ээлж дараатай татна.
Эрсдэл улам өндөр байгаа тул дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоогоод байна. Уг халдвар газарзүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй байгаа юм. Залуучууд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж байна.
ЭМЯ коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг 8 дахь удаагаа хийхэд Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул тавдугаар сарын 31 хүртэл сунгасан хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргаж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнөөдрийн байдлаар 141 тохиолдлоос 121 нь ОХУ, Англиас 7, Солонгосоос , Польш, Швейцарь, Бангладеш улсаас тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн. Хоногт 150-200 эмч мэргэжилтэн тусгаарлалтад ажиллаж байна. Тусгаарлах байранд 1141 хүн байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд өрх, сумын эмч нар байнгын холбоотой ажиллаж, зөвлөгөө өгч байна. Гадаад буй иргэдээс 13 нь эдгэрсэн байна. Шведэд нэг иргэн эмчлүүлж байна. биеийн байдал нь дээрдэж байна. Бусад нь биеийн байдал хэвийн байна гэж мэдээлсэн. Хүн амын дунд халдварт өвчин тархах эрсдэл өндөр байна.
Монгол Улс хүн амын дунд Covid-19 алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс боллоо.