Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Өсөхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
Байгальд хог хаяж бохирдуулдаг иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэж чаддаг уу?
Сүүлийн таван жилд Монгол Улсад хүрээлэн буй орчны эсрэг 1578 гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн судалгаа гаргаад байна. Урин дулаан болж иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой Туул голын орчимд иргэд амрахаас гадна автомашин, хивс, бусад зүйлсийг угааж, ус бохирдуулж байна. Туул голд автомашинаа угаасан 17 иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7,15 дугаар зүйлийн найм дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч анхаарууллаа. Мөн дөрөвдүгээр цахилгаан станцын ойролцоо барилгын хог хаягдал аваачиж асгасан зөрчил хэд хэд илэрсэн. Уг нь барилгын хог хаягдлыг дахин боловсруулдаг болмоор байгаа юм. Нидерланд, Дани, Бельги, Япон, АНУ зэрэг улс барилгын хаягдлын 80-90 хувийг дахин боловсруулан ашиглаж байна. Манай улсад барилгын хог хаядлыг хаях төвлөрсөн цэг байдаггүй энгийн хатуу хог хаягдалтай цуг Улаанчулуут, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн нэгдсэн хогийн цэгт ангилалтгүйгээр хаядаг. Энэ төрлийн хогийг дахин боловсруулах үйлдвэр ч алга. Дахин боловсруулах үйл явц нь дахин ашиглах боломжтой, үнэ хүрэх хог хаягдлыг хогийн цэг дээр тодорхой хүмүүс цуглуулж авдаг хэдий ч баялаг болгож чаддаггүй. Бид барилгын хогоо ашиглах тал дээр анхаарах цаг болсон.
Аялж буй иргэд хог хаяж, байгаль орчин бохирдуулдаг. Үүнийг ямар зохион байгуулалтаар хянаж ажиллахаар төлөвлөсөн бэ? Танай албанаас “Хогоороо бүү хорло” гэсэн аян өрнүүлж байгаа юм байна.
Хог хаягдал үүсгэхгүй байх хамгийн энгийн бөгөөд эхний алхам нь шаардлагагүй худалдан авалт, хэрэглээнээс татгалзах юм. Худалдан авалт хийх бүртээ “Би үүнийг хэр удаан хэрэглэх вэ”, “Энэ надад зайлшгүй хэрэгтэй юу”, “Үүнийг дахин боловсруулах боломжтой юу” гэх мэтээр асууж хэвшмээр байна. Дэлхийн нийт хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг. Тэгэхээр даавуун тор хэрэглэж хэвших нь хамгийн зөв хэвшил юм. Тэгэхээр хог хаягдал зөвхөн сав, баглаа боодлоор хязгаарлагддаггүй. Ус, цахилгаан, хоолны үлдэгдэл гээд байгалийн нөөц бүхнийг хэмнэж байж хог хаягдлыг бууруулна. Манай алба Нийслэлийн аялал жуулчлалын газар, Шинж лэх Ухааны Академийн Хими, Химийн Технологийн хүрээлэн зарим компанитай хамтран хэрэгжүүлж байна. хамтраад “Хогоор бүү хорло” аяныг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд машинаа тамхины үнсний сав байрлуулах, аялсан газартаа хог хаяхгүй байх, хог хаягдлаа уутанд хийж машиндаа тээвэрлэж зориулалтын цэгт аваачиж хаях гээд олон талын зөвлөгөө, мэдээллийг өгч байна. Ер нь бол хувь хүний ухамсрын л асуудал. Хог хаяхгүй байгальд ээлтэйгээр цэвэрхэн аялж болно шүү дээ. Мөн хөдөө орон нутагт тогтоосон зам маршрутыг өөрчлөх, замгүй газраар зам гарган явж хөрсний бохидол, доройтол үүсгэж буй. Үүнийг таслан зогсоож арга хэмжээ авна.
Байгаль орчны хэргийг шийдэхэд хохирогч байхгүй учраас амаргүй байдаг гэж цагдаа нар ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
Байгаль хохирогч нь шүү дээ. Энгийн хэрэг бол гэрч хохирогч, гэмт этгээд гурвыг суулгаж байгаад хялбархан шийдчихдэг. Гэтэл байгаль орчны хор хохиролтой хэргийг шийдэхэд заавал экологи, эдийн засгийн үнэлгээ хийх шаардлагатай байдаг. Нэг хүн Туул голын эрэгт машинаа угаасныг сая төгрөгөөр торголоо гэж бодъё. Гэтэл тус газарт экологи эдийн засгийн үнэлгээ хийхэд дор хаяж 10 сая төгрөгийн зардал гарна шүү дээ. Ийм болохоор л байгаль орчны эсрэг гэмт хэргийг шийдэхэд төвөгтэй байгаа юм.