Билл Гейтсийн үзэж байгаагаар, ердөө 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болох аж. Учир нь хиймэл оюун ухаан (AI) олон төрлийн ажлыг хүний оронд гүйцэтгэдэг болж, ажил амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөх цаг айсуй гэж тэрээр “The Tonight Show with Jimmy Fallon” нэвтрүүлгийн үеэр хэлжээ.
Хоёр өдөр ажиллаад таван өдөр амрах нь төрөлтийг нэмэгдүүлж, хүмүүсийн ядралт, туйлдлыг бууруулна гэж үзсэн байна. Одоогоор зарим улс орнуудын туршиж эхлээд буй ажлын 4 өдөр нь эерэг үр дүнгээ өгсөөр байна. Жишээлбэл, нэг компани ажлын 4 өдөртэй болсноор бүтээмж 24%-иар өсөж, ядралт, туйлдлын түвшин хоёр дахин буурсан байна. Мөн Токио хотын захиргаа төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд ажлын 4 өдөртэй болохоо зарласан.
Билл Гейтс эмч, багш зэрэг зарим мэргэжил удахгүй AI-д шилжих нь тодорхой гэж үзэж байгаа бөгөөд энэ нь нийгмийн нийтлэг сайн сайхны төлөө ашигтай байж магадгүй гэжээ.
Энэхүү шинэ бөгөөд тодорхойгүй технологийн эринд бизнесээ амжилттай авч явахын тулд AI-г эсэргүүцэх бус, аль болох хурдан хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг онцолж байна. LinkedIn-ийн мэдээлснээр 2025 оны хамгийн эрэлттэй ур чадвар бол AI-г ойлгох чадвар буюу “AI literacy” байх болно гэжээ.
Эх сурвалж: Business Today