ХӨСҮТ-ийн мэдээлэл /2020.11.24/
11 дүгээр сарын 23-нд улсын хэмжээнд нийт 4,330 хүнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд 32 сорьцод коронавирус илэрчээ. Улаанбаатарт 3, Сэлэнгэ аймагт 26, Говьсүмбэр аймагт 2 тохиолдол нэмэгдлээ. Нэг тохиолдол нь Алтанбулагийн боомтоор 11 дүгээр сарын 10-нд ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол юм.
Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь Буянт-Ухаа хороололд, нэг нь Төмөр замын Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчаас илэрчээ. Буянт-Ухаа хороололд илэрсэн тохиолдол нь төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон бөгөөд уг арга хэмжээнд орсон 46 хүнийг тусгаарлаж шинжилгээ хийхэд давтан шинжилгээнээс нэг хүнээс илэрч, мөн ойрын хавьтагчаас нь илэрсэн байна.
Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдаад байсан иргэд бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Халдвар гараад бусад аймгуудад нэмж халдварын тохиолдол илрээгүй байгааг албаныхан хэллээ.