Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал /2020.12.07/
12 дугаар сарын 6-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23,341 хүнд шинжилгээ хийхэд 38 батлагдсан тохиолдол илэрлээ.
- Улаанбаатар хотод 32 тохиолдол илэрсэн бөгөөд 3 нь Цэргийн төв эмнэлэгт, бусад 29 тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан болон тэдний гэр бүлийн хүмүүсээс илэрсэн.
- Сэлэнгэд хоёр тохиолдол нэмэгдлээ.
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол нэмэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрлээ.
- Орхон аймагт нэг тохиолдол нэмэгдсэн.
Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол Монгол улсын хэмжээнд 887 болж, 384 хүн эдгэрээд байна. Эмчилгээнд 494 хүн байгаагаас биеийн байдал маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416 хүн байгаа болохыг албаныхан мэдээллээ.