“..Бурханы авралаар бид COVID19-ыг бүрэн хяналтандаа авсан. Монгол Улс диваажин шиг байна” (Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2020.04.23-нд өгсөн ярилцлагаас…)
“Хариуцлага тооцно”, “сэлэмдэнэ” хэмээн хоолой шахан мэдэгдэх дуртай ерөнхий сайд маань дээрх үгээ хэлснээс хойш хагас жилийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-нд “Бид COVID19-г дотроо алдаагүй улсаар шалгарч, Гиннесийн номонд бичигдэхэд ойрхон байна. Монголчууд дэлхийд нэрээ дансална. Дэлхий тэр чигээрээ Монгол руу ниснэ, Монгол руу аялна” хэмээн мэдэгдсэнээр барахгүй дэлхий нийтээрээ аюулт цар тахлын өмнө хүчин мөхөстөж байхад Монгол Улсын эдийн засаг дангаараа 7-8.2 хувиар өснө хэмээх өөдрөг, давилуунаар ярьж байлаа.
Ерөнхий сайдаа ард түмэн нь ойлгож, хайрладаг байж мэдэх ч коронавируст бол огтхон ч хамаагүй гэдгийг харуулж ердөө хэдхэн хоногийн дараа буюу 2020 оны 11 сарын 11-ний өдөр Монгол Улсад дотоодын халдварын тохиолдол батлагдаж, ДЭМБ-ын хуудсанд улаанаар тэмдэглэгдэв. Эрх баригчдын халаасны сувилал, Монголын хууль үйлчилдэггүй дураараа сэлгүүцэгч ОХУ-ын иргэн, хил хоорондын төмөр замын хяналтгүй байдлаас COVID19 вирус тархсан нь батлагдсанаар Монгол Улс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ. Аж ахуйн нэгжүүд тэг зогсолт хийж, иргэд ажилгүй, орлогогүй болж айдаст автав. Цар тахлын улмаас 200-250 мянган хүн ажилгүй болох эрсдэлтэй туллаа. Энэ бол цар тахал Монгол Улсад хэрхэн нөлөөлж буйг илтгэх ганцхан жишээ.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр нь ямар ч шийдэлгүй, оновчгүй (хэрвээ тийм бодлого байсан бол?…) бэлтгэлгүй, тэр байтугай вакцин авах захиалга өгөөгүй, бүүр вакцины мөнгө ч үгүй байсаар цар тахалтай нүүр тулсныг хэдэн дарга нарынхаа эргэж буцсан шийдвэр, тахлын тархалт, эдийн засгийн огцом уналтаас улс даяараа ойлгов. Ойлгох үед аль хэдийнээ дүн өвөл болж халаасандаа мөнгөгүй, хөргөгчиндөө хоолгүй болчихсон байлаа. Ядаж байхад цар тахалд зориулахаар төлөвлөсөн 5.8 их наяд төгрөг нь сонгуульд зарцуулагдсан, шулуухан хэлбэл МАН-ыг ялуулахад, сүржин хурц үгтэй ерөнхий сайдыг маань дахин сонгоход зориулагдаад замхарчихаж. Үнэнтэй нүүр тулна гэдэг ийм хатуу байдаг ажгуу.
Д.Нямхүү эмч, Д.Сарангэрэл сайд нараар “бамбай” хийж УИХ-ын сонгуульд оролцсон МАН ялалт байгуулж, хүссэн үр дүндээ хүрсэн. Гэвч олдвол өлдөхийн зовлонг МАН-ын Засгийн газар эдүгээ биеэрээ туулж байна. Ерөнхий сайд албан тушаал хуваарилах, Гиннесийн номонд бүртгүүлэх л хүсэлтэй байснаас цар тахлыг даван туулах төлөвлөгөөгүй зусчээ. Цар тахлын үед хэтэрхий давилуун загнаж, байнд ч үгүй банзанд ч үгүй бодлого явуулж, эрх баригчид өөрсдийнхөө орлогыг тэтгэхийн тулд түмэн цоорхойтой төсөв баталсныг нь иргэд, олон нийт, ерөнхийлөгч ч шүүмжилж байна. Товчхондоо одоо өрнөж буй процессыг харвал ковидын буянаар байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар ковидынхоо ачааг үүрч чадалгүй огцрох нь тодорхой болоод байна. Мориндоо мордох амархан, мориноосоо буугаад улс гэрээ төвхнүүлэх амаргүй гэж энэ юм.
Цар тахлын хүнд үед цэргийн сургууль төгссөн ерөнхий сайд маань “Бид үхэх, сэхэхийн зааг дээр байна” гэж хэлээд Шадар сайдынхаа араар нуугдан нам гүм болов. Одоо л сүржин мэдэгдлүүдээ урсгадаг цаг биш гэж үү. Хотын даргаар томилогдсон бөх эр ажилдаа түүртэн бухимдаж, МАН-ын дотоодын зөрчил үе, үе цухалзах боллоо. Гаднаас нь харахад аядуу тайван өрнөх МАН-ын улстөр шүдэнз зурахад хэзээ мөдгүй дүрэлзэхэд бэлэн тийм эмзэгхэн байна.
Том ялалтын дараах том зовлонгоо тэд дааж ядан өдөр хоногийг өнгөрүүлж байхад гай газар доороос гэгчээр COVID19-г дотооддоо тархааж улс төрийн хямрал нүүрлэхэд МАН-ын зарим нөхөд ил эмгэнэвч далд баярлаж байгаа нь үнэн. Намаар нь дүүрэн гомдогсод хийгээд горилогсод Хүрэлсүхийг хэрхэн зайлуулах тухай бодож, өнөөх нь хэрхэн яаж тэсч үлдэхээ зурж, тооцоолж суугаа.
Албан тушаалын хэрэг явдал дээр хэзээний “адтай” Ц.Даваасүрэн гишүүн Засгийн газрыг өдөр алгасалгүй “балбах” болсон нь үүний тод илэрхийлэл. У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж, сайд нараа томилж байхад олон судлаачид, улстөрчид “ганцхан жилийн настай танхим бүрдлээ” гэцгээж байсныг эргэн сануулъя. Гэвч Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ганц жилээ ч үзэх насгүй, ганхаж эхэлсэн нь нам дотроосоо сонсогдох боллоо. Одоохондоо шивнэлдэж байгаа ч удахгүй ширээ шаан босч ирэх л болно.
МАН-ын нэгэн УИХ-ын гишүүний зуслан дээр хонон өнжин цугларч, хөзөр тавин архи хундгалсан уулзалтаас У.Хүрэлсүхийг зайлуулж хаяад томилогдох дараагийн сайд нарын нэрс тодорч эхэлсэн сурагтай. Эндээс харвал ЗГХЭГ-ын даргаар Ц.Даваасүрэн, Сангийн сайдад Б.Чойжилсүрэн нарын нэр яригдаж эхэлсэн бөгөөд нэгэнт “шүд сугалах” боломжгүй болсон учраас У.Хүрэлсүхийг Засгийн газартай нь огцруулчихаад “амар сайхандаа жаргах” хүсэлтэй гомдогсод хийгээд горилогсод хэдийнэ ажилдаа орсон байна.
Ковидийн нөлөөллийг ашиглаж сонгогдчихоод ковидоосоо болж огцроход хүрч байгаа нь экс их хурлын гишүүний хэлснээр “тавилан л юм даа” гэчихвэл тавласан болохгүй биз ээ.
Эх сурвалж: Ardtumen.mn