Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цахилгаан, дулааны зохистой хэрэглээг нэвтрүүлж, хязгаарлалт тогтоох тухай журмыг танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 1-нээс 2021 оны долдугаар сар 1-н хүртэл айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах тухай тогтоолыг танилцуулсан. Гэвч уг тогтоолыг танилцуулснаас хойш хоёр хоногийг хугацаанд айл өрхийн эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэнээр эрчим хүчний салбарт хүндрэл учраад байгаа юм. Тиймээс эрчим хүч дулааны хэрэглээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан төрөөс санхүүжилтийг гаргах журам гарлаа. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс дааж, хэтэрсэн зардлыг хэрэглэгч өөрөө хариуцах юм. Энэ талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Аль чиглэлээр ямар хэрэглэгчийн хэрэглээ нэмэгдэж байна вэ гэдэг судалгаа гарсан байгаа. Засгийн газрын тогтоол гарснаас хойш хоёр хоногийн хугацаанд цаашид баримжаалж болох тооцоо хийгдсэн. Нийт хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглэгч байна. Тэр дундаа гэр хорооллын хэрэглэгчид. Орон сууц болоод ААН-ийн эрчим хүчний хэрэглээ 6-7 хувьтай байна.
Хэрэглээ өсөж байгаа гэр хорооллын амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд байгаа. Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн байна. Ашигладаггүй байр, орон сууцаа халааж байна.
Шадар сайд Я.Содбаатар : Цахилгаан, дулааны төлбөрийг тодорхой хугацаанд төрөөс даах тухай Засгийн газрын тогтоолыг танилцуулснаас хойш холбогдох байгууллагууд хяналт, шалгалт хийж ажилласан. Шалгалтын явцад зохисгүй хэрэглээ олон гарч байгааг тогтоосон. Урьд нь халаадаггүй байсан, өөрсдөө амьдардаггүй байраа халааж, нэмэлт халаагуур машиныхаа доор тавьж халаах зэргээр өмнө нь хэрэглэж байгаагүйгээр цахилгаан хэрэглэж байна. Нийт 6 бүсэд цахилгааны хэрэглээ өндөр байгаа судалгаа гарсан.
Өмнө нь тооцоо судалгаа хийхгүй яасан юм бэ гэж их асууж байна. Бид судалсан. Нүхтэд амьдардаггүй байшингаа халаана, машиныхаа доор, 00-ын өрөөндөө халаагуур тавина гэж бид тооцоолоогүй, тодорхой хэмжээнд өсөх байсан ийм хэмжээнд өснө гэсэн тооцоо байгаагүй.