Нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, 5,392 хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэж, зарим дүүргийн эмнэлэгт ор нэмэлтээр дэлгэн эмчилгээнд ашиглах байдлаар хариу арга хэмжээ үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол болон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт 350 ор дэлгэн ажиллуулж, 348 хүнийг хэвтүүлэн эмчилж байна.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын гэр бүл, найз нөхөд, ажлын газрын хамт олон зэрэг ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх нь халдварын тархалтаас сэргийлэх чухал ач холбогдолтой бөгөөд тусгаарлалтын арга хэмжээнд гэрийн тусгаарлалт болон зочид буудлын тусгаарлалт багтана. Зочид буудалд тусгаарласан хүмүүс тодорхой хугацааны дараа гэрийн тусгаарлалтад шилжинэ. Харин саяхнаас халдварын ойрын хавьтлуудыг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд хяналт маш чухал байдаг.
Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж, эрүүл мэндэд нь хяналт тавих, олон нийттэй харилцахаас сэргийлэх зорилготой юм. Сүүлийн үед халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гэрийн тусгаарлалтад орох иргэдийн тоо огцом өсөж байгаа. Халдварын ойрын хавьтал болсон иргэдийн хувьд гэрийн тусгаарлалтад 14 хоног байна. Энэ хугацаанд харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөмж хүргүүлэх байдлаар ажилладаг. Энэ хүрээнд гэрийн эргэлт, үзлэгийг сайжруулж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь очиж үзүүлэх, хэрэгцээт эм бэлдмэлийг нь хүргэж өгөх, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг эмчилгээнд хамруулах зэрэг ажлыг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж ажиллаж байгаа юм.